Монгол улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой, олон улсын сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг Дархан зангилаанаас Монгол хүн анх сансарт ниссэн “Союз-39” хөлгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тус цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, ОХУ-ын ДУА-т суугаа ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Сергей Петрович Старцев, Улаанбаатар төмөр замын удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Дархан зангилааны дарга Б.Ганзориг болон төмөр замын ажилчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Дархан зангилаанаас олон улсын сансрын нисгэгчдийн өдрөөр сансрын нисгэгч баатруудаа алдаршуулан, иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, түүхээ сэргээн сануулах зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулж буй гэлээ.
Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Юрий Гагарин “Восток” сансрын хөлгөөр дэлхийг 108 минутад тойрч эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн байдаг. Ингэснээр дэлхийн анхны сансрын нисэгч болж, түүхэнд үлдсэн юм.
Мөн Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт “Союз-39” хөлгөөр хөөрсөн байдаг.