Илтгэгч: Дархан-Уул аймгийн Засаг дарга Сундуйжавын НАСАНБАТ
Баярын хуралд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрхэм хүндэт гадаад орны болон хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо
Дархан хотын иргэд ээ
Дархан хот байгуулагдсны түүхт 55 жилийн ойг тохиолдуулан хотыг бүтээн босгох, хүндтэй бөгөөд нөр их ажилд гар бие оролцон ажиллаж байсан үе үеийн ахмадууд, анхдагчид, найрамдалт сайн нөхрийн халуун сэтгэлээр тусалж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн ЗХУ, Болгар, Унгар, Польш, Чех улсын төлөөлөгчид, бүтээн босгох үйлсийг залгамжлан яваа залуучууд, Дарханы ирээдүйг авч явах өсвөр үеийнхэндээ болон Дархан-Уул аймгийн нийт иргэддээ баярын цогтой халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, баяр хүргэн мэндчилье.
Тэртээх XYI жарны төмөр үхэр жилийн намар шивээ найгасан “Бурхантын хөндий”-н зэлүүд талд шинэ айлын гэгээ цацрааж, зулаан бадрааснаас хойш буюу1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөрУлаанбаатар-Москва хотыг холбосон төмөр замын“Давхрын өртөө”-нд барилгын материалын баялаг түүхий эдийн орд газрыг түшиглэн Дархан хотын суурийг анх тавьсан түүхтэй билээ.
Тэр л цагаас олон зуун жилийн турш нам гүм байсан Бурхантын хөндийг сэрээсэн аж үйлдвэрийн том төв байгуулах их замын эхлэлийг тавьсан нь саяхан мэт боловч өнөөдрийн бидэнд Дархан хотын 55 жилийн түүхийг бичилцэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогдож байна.
Манай хот нь хуучнаар Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн Гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак зэрэг социалист хамтын нөхөрлөлийн гишүүн бусад орнуудын ах дүү ёсны тусламж, мөнхүү эх орны өнцөг булан бүрээс илгээлт өвөрлөн хуран цугларсан залуусын сэтгэл зүтгэлээр байгуулагдаж Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгэм эдийн засгийн амьдралд ихээхэн хувь нэмэр оруулан, өнөөгийн Дархан хотыг XXI зуунд Монгол Улсын соёл иргэншсэн, аж үйлдвэржсэн томоохон хот болгосон юм аа. Энэ ч утгаараа Дархан хотыг ах дүүгийн найрамдалт “Найрамдлын Дархан” хот хэмээн нэрлэсээр ирсэн билээ.
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг болж, 55 жилийн түүхийг бүтээж байгаа Дархан хот маань өнөөдөр 97 мянга гаруй хүн амтай, Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 26 багтайгаар 327.5 мянган га газар нутагтай, Монгол улсын төвийн бүсийн нийгэм эдийн засаг, дэд бүтэц, үйлдвэр, газар тариалан голлон хөгжсөн, олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог онцлог хот болон хөгжиж байна.
Манай хот гадаад харилцаагаа байнга өргөжүүлэн тэлэх бодлого барьж ирсэн бөгөөд “Зүүн хойд Азийн нутгийн Засаг захиргааны байгууллагын холбоо”, “Дэлхийн эрүүл хотуудын холбоо”, “Дэлхийн технополис холбоо” зэрэг бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын гишүүн, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хот, БНХАУ-ын Жилинь муж, ӨМӨЗО-ны Тунляо хот, Эрээн хот, БНУнгар Улсын Капошвар хот, ХБНГУ-ын Цайц хот, Дани Улсын Хилерод хот, Эрээн хот, АНУ-ын Техас мужийн Өирвинг хот, Канад Улсын Режина хот, БНСУ-ын Пухан хот, Кёнги аймгуудтай ах дүүгийн болон шууд харилцаатай ажиллаж байна.
Дархан-Уул аймагт “Азийн Хөгжлийн Банк”, “Дэлхийн Банк”, “ЖАЙКА”, БНСУ-ын “КОЙКА”, “Швецарийн хөгжлийн агентлаг”, “Европын холбоо”, “Дэлхийн зөн ОУБ”, “Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг”, ДЭМБ-ын “Эрүүл хот” зэрэг ОУБ-аас төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэж байна.
Манай хот нь түүхэн 55 жилийн хугацаандаа хөгжил цэцэглэлтийн арвин их туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц шийдэл бүхий бүтээн байгуулалтаараа улс орны хөгжлийн тэргүүн эгнээнд явж байгаа нь Дарханчууд бидний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.
Дархан хот байгуулагдсаны хагас зуун жилийн ойг тохилдуулан Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 138 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.
Дархан хотоос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндэт цолыг Ардын Их Хурлын 1972 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 269 дүгээр зарлигаар Шарын голын уурхайн экскаваторын машинист Чүлтэмийн Цэрэндорж анх хүртсэн бөгөөд өдгөө Дархан хотоос Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 50, Монгол Улсын Төрийн соёрхолт 6 тус тус төрөн гарсан нь Дарханчууд бидний мөнхийн бахархал болон гэрэлтэж байна.
Хотынхоо нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд онцгой гавъяа байгуулсан зарим бүтээн байгуулалтуудыг энэхүү 55 жилийн ойн баярын хурлын индэрээс дурьдахыг хүсч байна.
1964.06.23-нд шинэ Дарханы барилгуудын анхны суурийг тавьсан бол, 1962 оноос хойш “Шарын голын уурхай”, “Силикат тоосго, шохойн үйлдвэр”, “Дулааны Цахилгаан Станц”, “Дархан Шарын голын төмөр зам”-ын зангилаа, “Царууц” тоосго шохойн үйлдвэр, Цементийн үйлдвэр, “Хүнсний комбинат”, “Мах комбинат”, “Нэхий эдлэлийн үйлдвэр”, “Байшин үйлдвэрлэх комбинат”, “Керамзитын завод”, “Дархан хар төмөрлөгийн үйлдвэр” зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг ах дүү найрамдалт орнуудын техник эдийн засаг, хамтын ажиллагааны тусламжаар барьж, байгуулсан түүхтэй.
Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сум Монгол Улсын Хүнсний ногоо тариалангийн улсын шилдэг сумаар шалгарч, Дархан хот Монголын “Эрүүл хот”, “Цэвэр хот” өргөмжлөл хүртэж, Монголдоо анхдагч, иргэдийнхээ амрах орчинг бүрдүүлэх зорилгоор бүтээгдсэн “Морин хуур” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Бурхан багшийн сэрэг дүр” “Дүүжин гүүр” зэрэг бүтээн байгуулалтууд Монгол Улсын “Орон нутгийн хамгийн сайн санаачлагч”, “Шилдэг байгууламж”, “Их бүтээн байгуулалт” өрнүүлсэн хот зэрэг шагналуудыг хүртэж байсан ба “Дархан-50” цогцолбор нь хотын иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлсэн газруудын нэг болж чадсан юм.
Монгол улсын нэрийн хуудас болсон Их хотын бүтээн байгуулалтад гар бие оролцон, сэтгэл зүрхээ зориулж байгаа Дарханчууддаа, нийт иргэддээ хотын төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Сүүлийн жилүүдэд хийж бүтээсэн бүтээн босголт, хөрөнгө оруулалтын ажлуудаас хотынхоо их ойн өдөр нийт иргэддээ товч танилцуулахдаа таатай байна.
Нийгмийн бодлогын чиглэлээр:
2013 – 2016 онд Боловсролын салбарт 9.2 тэрбум, Эрүүл мэндийн салбарт 3.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.
Боловсролын салбарт “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр”–ийн 2 дахь шатны хөтөлбөр, “Сайн багш” хөтөлбөрийн сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулснаар нийт 2870 багш олон улсын шаардлагад нийцсэн сургалтын арга зүйд суралцаад байна.
2016 оны эхний 9 сарын байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд 44 цэцэрлэгт 7900 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, хамран сургалт 96.0 хувьд хүрсэн байна.
2012 оны суурь үзүүлэлттэй харьцуулахад цэцэрлэгийн тоо 23 – аар нэмэгдэж, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 1.5 дахин өсөж, хамран сургалт 20 гаруй хувиар нэмэгдэж, 250 гаруй ажлын байр шинээр бий болсон.
Аймгийн Залуучууд театрт орон нутгийн хөгжлийн сангийн 8 сая 352 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хүүхэлдэйн театр”-ыг шинээр байгуулан, тайзны гэрэлтүүлэг, зөөврийн тайз, хөгжим техник хэрэгсэлд 149 сая 953 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, материаллаг баазыг бэхжүүллээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим эрүүл мэнд” төсөл, “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 3.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж, шинэ технологи нэвтрүүлэн 3 дах шатлалын эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн урсгал, чирэгдлийг 15.0 хувиар бууруулж чадлаа.
Яаралтай тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай техник хэрэгслүүдэд 591.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтээр бүрэн тоноглогдсон 16 автомашинтай боллоо. Эрүүл мэндийн сайдын багцаас 511.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх эрхийг орон нутагт шилжүүлснээр эрүүл мэндийн салбарын барилгын урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2013-2016 онд өссөн дүнгээр Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангаас 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж нийт 1733 шинэ ажлын байр бий болсон байна.
Хүүхдийн хөгжил чөлөөт цагийн орчинг бүрдүүлэх зорилгоор 2013 онд “Хүүхдийн ордон”-ы барилга байгууламжийг улсын төсвийн 500.0 сая төгрөгийн өртгөөр худалдан авсан ба 2014 онд “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам”-ны 10.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмж, 2015 онд 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварын ажлыг тус тус гүйцэтгэж, хүүхэд хөгжих, хамгаалагдах ая тухтай таатай орчин бий болсон.
Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд хөгжлийн ордон”-ны шавыг тавьж, барилга угсралтын ажил 70.0 хувийнгүйцэтгэлтэй байна.
Хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр:
2014 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын хэмжээнд газар зохион байгуулалт, инженерийн шугам сүлжээний хүртээмж түүний ашиглалт хэтийн төлөв бодлогын талаар судалгаа хийж, Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу 8-н байршилд нийт 230.7 га талбайд 10500 айлын амины болон нийтийн орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж аймгийн ИТХ-аар батлууллаа.
Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд төв авто зам дагуух гэрэлтүүлэг болон хороолол доторх гудамжны гэрэлтүүлэг, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах ажлын хүрээнд 454 гэрэлтүүлэг шинээр суурилуулж нийт 900.0 сая төгрөг зарцууллаа.
2013-2015 онд нийт 9.4 км авто зам болон Монгол Алтны уулзварын өргөтгөл шинэчлэлт, уулзварын доорх инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг ажлын хүрээнд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ. Аймгийн хэмжээнд 73.8 км засмал зам байгаагаас 58 км нь буюу 79 хувь нь хатуу хучилттай авто зам байна.
2016 онд шинэ, хуучин Дарханыг холбосон 2.4 км авто замын хучилтын ажлыг бүрэн дуусгаж хотын баярын өдрөөр Дарханчууд та бүхэндээ хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.
Дархан хотын цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны тогтмол хүүтэй 20.0 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлаар оруулж, гэрээнд аймгийн Засаг дарга, Сангийн яам, БХБЯ-ны холбогдох удирдлагууд гарын үсэг зурж, 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Бохир усны өргөх станцууд, төв шугамыг 1.8 сая ам.доллараар шинэчлэснээр Дархан хотын 2020, 2050 он хүртэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжих боломжоор хангагдлаа.
Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан хотод 100-500 мм-ийн диаметртэй, 18.3 км урт цэвэр усны шугамын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Орхон суманд Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2.5 км цэвэр ус хангамж, 1.5 км бохир ус ариутгах татуургын шугам хоолойн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Шарын гол сумын усан хангамжийн байгууламжийн ажлыг бүрэн дуусгахаар 5.7 тэрбум төгрөгийн зураг төсөв батлагдаж 1.3 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
“Монгол алтны уулзвар”-ын дулаан дамжуулах шугам хоолойг нэвтрэх сувагт шилжүүлэх ажлыг 267.0 сая төгрөгөөр, Наран толгой чиглэлийн дулааны шугамыг 126.0 сая төгрөгөөр тус тус өргөтгөснөөр Нарантолгойн гэр хорооллын айл өрхүүд төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжтой боллоо.
Дархан сумын 11, 12, 23, 24, 25, 26 дугаар хорооллын гадна цахилгаан хангамжийн ажлыг 10.2 тэрбум төгрөгөөр, 2, 3 дугаар хорооллын гадна цахилгаан хангамжийн ажлыг 5.4 тэрбум төгрөгөөр, Хөтөл хорооллын 2000 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн ажлыг 1.8 тэрбум төгрөгөөр, Дархан хотын үйлдвэрийн бүсэд 35/6-гийн дэд станцын ажлыг 3.9 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр тус тус хийж гүйцэтгэлээ.
“Жишиг хороолол-1, 2, 3” хөтөлбөрийг Дархан сумын 4, 9, 10, 11, 12, Өргөө багуудад 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, 10 мянган иргэний амьдрах ая тухтай орчинг бүрдүүлж чадлаа.
“Жишиг хороолол-4” төслийн хүрээнд Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад орон нутгийн хөгжлийн сангийн 983 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4776 мкв талбайд замын өргөтгөл, зогсоол, 11.5 мянган мкв талбайд ногоон байгууламж, хүүхдийн тоглоом, тохижилтын ажлыг хийж эхлээд байна.
2012 – 2015 онд нийт 2333 айл өрх шинэ орон сууцаар хангагдлаа.
ТОСК-ны хөрөнгө оруулалтаар түрээсний орон сууцны хөтөлбөр хэрэгжиж 172 айлын орон сууцыг ашиглалт оруулсан.
2013-2015 онд Дархан сумын арван нэгэн багийн нийтийн зориулалттай 37 орон сууцны инженерийн шугам сүлжээний засварыг орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 2.0 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.
Аймгийн Засаг даргын санаачлага, Улсын Их Хурлын гишүүдийн дэмжлэгтэйгээр иргэдэд хямд үнэтэй, найдвартай нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Элит хөгжил” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 20 ширхэг том оврын автобус явж эхлэснээр Дархан сумын хэмжээнд нийтийн тээврийн үнэ тарифыг тогтвортой байлгаж, “Шинэ-Хуучин Дархан”, “Хуучин Дархан – Тосгон” чиглэлүүдэд шугам нээж давхардсан тоогоор 1 сая 790 мянган иргэдэд үйлчиллээ.
950.0 сая төгрөгийн нийтийн тээврийн нөхөн олговрыг шийдвэрлүүлснээр Дархан-Уул аймгийн 8000 гаруй ахмад, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 10000 гаруй оюутанд үнэ төлбөргүй үйлчилж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд 2 тэрбум 300 сая төгрөгийг хэмнэсэн байна.
Төрийн удирдлагын чиглэлээр:
Аймгийн Засаг даргын 2016 оны А/04-01 дугаар захирамжаар “Чанарын удирдлагын хороо” байгуулагдан ажиллаж ISO 9001 стандартыг нэвтрүүлж буй байдалд баталгаажуулалтын аудит хийгдэж, Стандартчилал хэмжил зүйн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2015 стандартын гэрчилгээ, Орхон сумын ЗДТГ-т чанарын удирдлагын тогтолцооны MNS 9001:2010 стандартын гэрчилгээг тус тус авлаа.
Хотынхоо ойн өмнөхөн аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”ийг 8 бүлэг, 11 дэд бүлэг, 139 зорилттойгоор аймгийн ИТХ-аар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын хамтарсан 01/02 тоот “Дархан 55” тохижилт, цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх албан даалгаврын дагуу баг, орон сууцны болон гэр хорооллын иргэдийн дунд “Хоггүй баг, хоггүй гудамж, цэвэр байр” шалгаруулан хаягыг стандартын дагуу байршуулах, гэрлэн чимэглэл гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, бат бөх өнгө үзэмжтэй хогийн сав, сандал байршуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, ойр орчныхоо 50 метр талбайд хогийн ургамал, шарилжгүй байх, гэр хорооллын хашаа, гудамжнууд нэгдсэн нэг өнгө үзэмжтэй байх, гадна зам талбайн засвар үйлчилгээг хийлгэх зэрэг ажлуудыг өрнүүлэн аймгийн “Бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгуулж, 60 орчим байгууллагууд оролцсон байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг Дархан-Уул аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 87 дугаар тогтоолоор “Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит“ гудамж бий болголоо.
“Төвийн бүсийн Дархан түншлэл 2016”, “Алтан намар их хотын баяр” үзэсгэлэн худалдаа зохин байгуулж, “Барилгачдын өргөн чөлөө”-ний 2.4 км авто зам, Модны зах дундуурх авто замыг засварлах, хот доторх авто зам, Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам зэрэг авто замын засварын ажлуудыг хийж дуусгалаа.
“Дархан 55” хүүхдийн тоглоомын талбайг ашиглалтанд оруулж, “Жишиг хороолол-4” төслийг хэрэгжүүлэн гудамж талбайн гэрэлтүүлгийг 98 хувьд хүргэлээ.
“Гоёмсог Дархан” шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх “Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг”-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги, сэргээн заслийн танхимын засварын ажил хийгдсэн зэрэг бүтээлч ажлуудаар хотын ойгоо угтаж байгаадаа Дарханчууд бид баяртай байна.
Төрөлх хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.
Дархан хот маань үеийн үед цэцэглэн хөгжих болтугай.