Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн хэмжээнд IELTS хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаа төрийн албан хаагчдын дунд зарлагдсан анхны хөтөлбөрт нийт 167 албан хаагч бүртгүүлж 117 нь шалгалт өгч 30 хүн IELTS, 35 хүн чадвар ахиулах 3 сарын сургалтад хамрагдсан юм. IELTS сургалтад хамрагдсан 30 албан хаагч суралцах хугацаандаа 108 цагийн Англи хэлний академик түвшний сургалт хичээлийг заалгаж, 3 удаа MOCK тестийн шалгалт өгсөн байна.
Өнөөдөр /2025.03.14/ IELTS суралцагчид гэрчилгээгээ гардан авч, сургалтын хаалтаа хийлээ. Тэд энэ оны 6 дугаар сард Англи хэлний олон улсын албан ёсны шалгалт /IELTS/ өгч сургалтын үр дүнгээ үзэх юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, цагийн уян хатан нөхцөлөөр зохион байгуулагдсан тус сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид Англи хэлний мэдлэгээ дээшлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой болсноор цаашид өөрсдөө гадаадын улс орнуудын урт, богино хугацааны шаталсан сургалтуудад хамрагдах, донор байгууллагуудын төсөл хөтөлбөрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэгт хувь нэмэр оруулах олон давуу тал, ач холбогдолтой юм.
