ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН
АЛБАН ДААЛГАВАР
2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 02 Дархан
Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар менингококкт халдварын 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Цаашид уг халдварын тархалт нэмэгдэж, халдварт өвчний эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэх зорилгоор дараах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг ДААЛГАХ НЬ:
Нэг. Сум, багийн Засаг дарга нарт:
1. Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор халдваргүйтгэл цэвэрлэгээг аж ахуйн нэгж байгууллагуудаар бүрэн хийлгэж, зохих удирдлагаар хангаж ажиллах
2. Хүн амд менингококкт халдвараас сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөмжийг хүргүүлэх
3. Харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээ, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын менингококкт халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих
Хоёр. Аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, удирдлагуудад:
1. Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн бодисоор хангах, нөөц бүрдүүлэх
2. Өөрийн байгууллагын ойролцоох гадна орчны 50м зайд орчны цэвэрлэгээ хийх
3. Дотооддоо сургалт, мэдээллийг зохион байгуулж, ажилтан албан хаагчдад уг халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох
Гурав. Эрүүл мэндийн газарт:
1.Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийг бүрдүүлэх, нэгжийн бэлэн байдлыг хангах
2. 0-5 насны хүүхдийн гэрийн идэвхтэй эргэлтийг идэвхжүүлэх
3. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хүүхдүүдийн дундах хамар хоолойн цочмог болон архаг үрэвсэлт өвчнийг илрүүлэх үзлэг хийх
4. Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргах, түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах
Дөрөв. Боловсрол, соёл, урлагийн газарт:
1.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын өдөр тутмын цэвэрлэгээ халдваргүйтгэл, хүүхдийн эрүүл мэндийн хяналтанд онцгой анхаарч, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх
2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын эмч, багш нар хүүхдүүдийг амны хөндий, хоолойг цэвэрлэх аргад сургах, сургалт хийх
Тав. Мэргэжлийн хяналтын газарт:
1. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, томоохон худалдааны төв, РС тоглоомын газруудын менингококкт халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих
2. Менингококкт халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргах
Зургаа. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаархи мэдээлэл:
1. Сум, багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, удирдлагууд болон Эрүүл мэнд, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь менингококкт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын мэдээг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний дотор аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлэх.
2. Албан даалгаврын үр дүнг нэгтгэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны дотор аймгийн Засаг даргад тайлагнахыг Засаг даргын тамгын газрын дарга /Ч.Энхбат/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ