ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА,
ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН АЛБАН ДААЛГАВАР
2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 02 Дархан
“ДАРХАН – 55” ТОХИЖИЛТ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ
Дархан хотын 55 жилийн ойг угтаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 30 дугаар зүйлийн 30.1.17, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.3.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.7, 11.1.8, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 76 дугаар тогтоолоор батлагдсан “Тохижилт, цэвэрлэгээний талаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас дагаж мөрдөх журам”-ыг тус тус үндэслэн ДААЛГАХ нь:
1. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад:
1.1.Байгууллага бүр гадна тохижилтын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламж болон гэрэлтүүлэг, иргэдийн тав тухыг хангасан сандал, хогийн савны тоог нэмэгдүүлэх, засварлан шинэчилж, дотоод орчны тохижилтыг хийх,
1.2.Байгууллага бүр орчныхоо хог хаягдлыг тогтмол хуваарийн дагуу цэвэрлэж, ачуулах, цэвэрлэгээ, тохижилтын ажлын үр дүнгийн тайланг харьяа сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх,
2. Хот тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг татан оролцуулах арга хэмжээг авч ажиллахыг аймаг, сумын ИТХ-ын дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт зөвлөж, бүх шатны Засаг дарга нарт,
3. Хот тохижилт, нийтийн эзэмшлийн газрын цэвэрлэгээний үйл ажиллагаанд оюутан сурагчдыг өргөнөөр оролцуулахыг аймгийн Боловсрол, соёлын газар, Их дээд сургуулиуд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад,
4. Нийт иргэд, оршин суугчид төрөлх хотынхоо 55 жилийн ойг угтан харьяа багийн Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран амьдрах орчны эрүүл ахуйдаа анхааран холбогдох байгууллагуудаас зохион байгуулж буй бүх нийтийн цэвэрлэгээ, орчны тохижилтын ажилд идэвхтэй оролцож, ил задгай хог хаягдал хаяхгүй, хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтыг ариг гамтай ашиглан, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлэхийг уриалсугай.
5. Уг албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, аж ахуйн нэгж байгууллагуудад 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор шуурхай хүргэн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, үр дүнг 2016 оны 08 дугаар сарын 15, 30, 09 дүгээр сарын 15, 30-ны өдрүүдэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргад тайлагнахыг аймгийн Захирагчийн ажлын албанд,
6. Ард иргэдийн оролцоо, Сууц өмчлөгчдийн холбоодын ажлын сайн туршлагыг олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол мэдээлж байхыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Мэдээлэл, технологийн албанд тус тус даалгасугай.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ |
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ |