Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

МУГТ, уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш “ICE NOMAAD MARATHON” гүйлтээ үргэлжлүүлсээр дархан хотдоо ирлээ

2024.01.08
57 үзсэн

МУГТ, Уулын спортын ОУХМ, Сүлд спорт хорооны тамирчин, ШШГЕГ-ын харъяа 407-р нээлттэй хорих ангийн үйлдвэр хариуцсан дарга Хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатар хот Зайсан толгойгоос Монгол Улсын хойд хил Алтанбулаг хүртэлх холын зайн марафон гүйлтийг 2024 оны 1-р сарын 2 нд эхлүүлэн ийнхүү 7 дахь өдрөө өсөж төрсөн Дархан хотдоо гүйсээр орж ирлээ.

Аймгийн удирдлагууд, БТСХ, Цагдаагийн газар, бусад Дарханы иргэд түүнийг угтан авч амжилт хүсэж гарын бэлэг эмнэлгийн багцыг бэлэг болгон өглөө.

Б.Цэвээндаш уг гүйлтээрээ хэн нэгэнтэй уралдаж өрсөлдөх бус өөрийгөө ялан дийлэх, хүүхэд залуусыг биеийн тамирын спортод уриалах зорилготой.

Идэр ес эхэлсэн энэ хүйтэнд өдөрт 32-52 км замыг туулан гүйж байна. Ингэхдээ цаг агаарын хүнд нөхцөлүүд, харанхуйд замын хажуугаар гүйх зэрэг хүндхэн эрсдэлүүд учирдаг ч даван туулсаар бариа хүртэл 100 км зам үлджээ. Бие засах халуун юм уух үедээ л зогсож, харин орой майхандаа отоглож хонож байна.

Хүмүүс зуны улиралд ч өдөр бүр марафон гүйх нь маш их тэвчээр шаарддаг учраас өвлийн хүйтэнд гүйх нь боломжгүй хэмээн хэлж байсан хэдий ч боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг харуулж ийнхүү замынхаа 3/2-г амжилттай туулаад байна.

Амьдралын гараагаа Дархан-Уул аймгаас эхэлж байсан тэрээр өсөж торнисон нутгаараа гүйх үедээ шинэ бүтээн байгуулалтууд нүдэнд нь туссан тухай, мөн ирээдүйд Дархан хотдоо ирж амьдрах хүсэлтэй байгаагаа дурдсан юм.

Анх 2008 оноос биеийн тамираар хичээллэж эхэлсэн тэрээр архи тамхи зэрэг хорт зуршлуудаас бүрэн салж чаджээ.

Зорьсон зорилгодоо хүрэхийн ерөөлийг нийт Дарханчуудынхаа өмнөөс дэвшүүлье.