Дархан-Уул аймгийн ИТХ, Кёнги аймгийн Хурал хооронд найрсаг харилцаа тогтоосны 9 жилийн ойг тохиолдуулан БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт /2023.07.07-09/ айлчилж байна.
БНСУ-ын Кенги аймгийн зочдыг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, ИТХ-ын хөгжлийн хороодын дарга Т.Ганболд, А.Янжмаа, З.Бадрал, М.Батбаяр, Төлөөлөгч Д.Амарсанаа болон аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Н.Буманцэцэг, БШУГ-ын дарга Л.Буянтогтох, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат, Дархан-Уул дахь Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн Тэргүүн З.Болорсувд нар ЗДТГ-ын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэлийн уулзалтыг өнөөдөр /2023.07.08/ зохион байгууллаа.
2014 онд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Кёнги аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд байгуулсан найрамдалт харилцааны санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлууд, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зочдод танилцуулсан бөгөөд одоо байгуулах санамж бичиг нь дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны гол бичиг баримт болохыг онцоллоо.
Мөн 2 орны хоорондын найрамдалт харилцааны түүхэн үйл явдлын талаар видео танилцуулга танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санал солилцож, 2 орны соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад олон улсын солилцоо хийх, бизнесийг дэмжин өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын дарга Ём Жонг Хён мөн 2 аймгийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Боловсрол-2032 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахын зэрэгцээ хөдөө аж ахуйн тал дээр хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр ажиллах болно гэв.
Өнгөрсөн хугацаанд Кёнги аймгийн хурлын болон найрамдлын бүлгийн төлөөлөгчид тус аймагт албан ёсны 6 удаагийн айлчлалыг хийсэн бөгөөд мөн манай аймгийн төлөөлөгчид 5 удаа Кёнги аймагт албан ёсны айлчлал хийжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгаас өнгөрсөн хугацаанд 2 галын машин, 6 түргэн тусламжийн авто машиныг манай аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдлын газарт хандивлаж, 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Од” цогцолбор сургууль, “Монгол-Оюу” сургуулиудад Ухаалаг ангийг байгуулсан байна.
Мөн 2018 онд Дархан-Уул аймгийн зүгээс Кёнги аймгийн Үндэсний дуу, хөгжмийн чуулгын уран бүтээлчдийг урьж Монгол үндэсний их баяр наадмаар “Найрамдал” урлагийн тоглолтыг зохион байгуулж байсан юм.