Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр зэрэг төвийн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын чуулга уулзалтыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулж байна.
Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан эрдэс баялгийн салбарын бодлого, салбар хоорондын уялдаа, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, уул уурхайг ил тод бөгөөд хариуцлагатай хөгжүүлэхэд, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг дэмжих, талуудын ойлголтыг нэгтгэх, чуулга уулзалтаас гарсан санал санаачилгыг зөвлөмж болгон шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготойгоор энэхүү чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.
Чуулганаар төвийн бүсийн аймгуудын “Ил тод хариуцлагатай уул уурхайн хөгжүүлэхэд баримтлах бодлого, салбар хоорондын уялдаа холбоо, Уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин ба орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл гэсэн үндсэн 3 багц сэдвийн хүрээнд талууд асуудлаа хэлэлцэх өөрсдийн компаны үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Үргэлжлүүлэн Төвийн бүсийн нутагт баримталж буй уул уурхайн салбарын бодлого, эрчим хүч болон зам тээвэр зэрэг дэд бүтцийн төслүүдийн явц, тэдгээрээс үүдсэн байгаль орчны асуудлыг салбарын яам, агентлаг, компаниуд, орон нутгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэгчид, харилцан ярилцаж уулзалтын үр дүнд цаашдын хамтын ажиллагааг ил тод бодит мэдээлэлд үндэслэн сайжруулахад анхаарч, санал санаачилгаа хэрэгжүүлэх юм.
Мөн уул уурхайн компаниуд үйл ажиллагаа ханган нийлүүлэлт ажлын байрны талаарх нэгдсэн мэдээлэл өгөх үзэсгэлэнг зохион байгуулж байна.