АЛСЫН ХАРАА: Мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх.
1.Үйл ажиллагааны зорилго
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн болон Тамгын газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, аймгийн Засаг даргын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
- Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.1. Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого (стратегийн төлөвлөлт)-ыг тодорхойлох, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр аймгийн Засаг даргад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад аймгийн Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний шинэчлэлийн бодлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийн биелэлт, дотоод мэдээлэл, аймгийн Засаг даргаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай харилцах асуудалд арга зүйн зөвлөлгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.4. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд агентлаг, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааг чиглүүлэх, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээлэх;
2.5. Аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Тамгын газар-хувийн хэвшил, Тамгын газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх.
- Үйл ажиллагааны стратегийн зорилго
Аймгийн Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго нь мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр аймгийн Засаг даргыг шуурхай хангах, Тамгын газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.
- Үйл ажиллагааны стратегийн зорилт
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
4.1. Аймгийн Засаг даргын бодлого, шийдвэрийг боловсруулах, хуралдаанд бэлтгэх болон сум, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
4.2. Аймгийн Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, агуулгыг найруулах, хэрэгжилтийг хангуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэргэжил арга зүй, мэдээлэл, үйлчилгээгээр хангах;
4.3. Аймгийн Засаг даргыг орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого, нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр шуурхай хангах, төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
4.4. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны зохион байгуулалт, хүний нөөцийн болон захиргааны удирдлагын манлайллыг хангах, Ерөнхий менежерүүдэд санхүүгийн үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх;
4.5. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, аймгийн Засаг даргын бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх;
4.6. төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэх зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах;
4.7. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, олон нийттэй харилцах;
4.8. Засгийн газраас явуулах шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, удирдлагын дэмжлэг үзүүлэх;
4.9. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;
4.10. Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогчид бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
- Үйл ажиллагааны гол зорилт
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
5.1.1. аймгийн эдийн засгийн хөгжил, санхүү, төсөв, гадаад харилцаа, нийгмийн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
5.1.2. байгаль орчин, ногоон хөгжил, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, мэдээллийн технологи, худалдан авах ажиллагаа, стандартчилал, хэмжил зүйн талаархи бодлогын хэрэгжилтийг хангуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
5.1.3. эрүүл мэнд, хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлалын талаархи бодлогын хэрэгжилтийг хангуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
5.1.4. барилга, хот байгуулалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний талаархи бодлогын хэрэгжилтийг хангуулах.
5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
5.2.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчилах, сум, агентлагуудын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
5.2.2. Аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчилах;
5.2.3. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөлгөө болон бусад дэмжлэгээр хангах;
5.2.4. орон нутгийн төрийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах.
5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
5.3.1. орон нутгийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.3.2. Аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.3.3. Сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.3.4. Аймгийн хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
5.4.1. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;
5.4.2. хүний нөөцийн манлайллыг хангах, нийтлэг үйлчилгээ, гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.4.3. Аймгийн Засаг дарга, ЗДТГазарт орж, гарах бичиг хэргийг эрхлэх, бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, Тамгын газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах;
5.4.4. төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн хүрээний төсвийг төлөвлөх, зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэн явуулах;
5.5.5. Аймгийн Засаг даргад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
5.5.1. хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дүгнэлт, зөвлөмж, бүх талын дэмжлэгээр хангах;
5.5.2. Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж, мэргэшил-арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх;
5.5.3. агентлаг, сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;
5.5.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх.
5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
5.6.1. орон нутгийн төрийн мэдээллийн сүлжээ, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.6.2. албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг нэвтрүүлэх
5.6.3. аймгийн Засаг дарга, Тамгын газрын интернет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах.
5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд
5.7.1. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, эрхлэх;
5.7.2. гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, аймгийн Засаг даргатай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, аймгийн Засаг дарга, ТГ-ын болон хэлтсийн дарга нарыг мэдээллээр хангах;
5.7.3. олон нийттэй нээлттэй харилцах, аймгийн Засаг даргад иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх.
5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
5.8.1.Аймгийн Засаг даргад шинэчлэлийн бодлогын талаар гадаадын туршлага судлах, судалгаа, шинжилгээ хийж өгөх, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад туслах үйлчилгээ үзүүлэх;
5.8.2.шинэчлэлийн бодлогын асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
5.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
5.9.1. аймгийн Засаг даргын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.
5.10. Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
5.10.1. Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах;
5.10.2. Аймгийн Засаг даргын орлогчид бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
- Үйл ажиллагааны зорилт
Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.