Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх
Major-Image (1)

Дархан-Уул аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Та бүхнийг манай Найрамдлын Дархан хотод тавтай морилохыг урьж байна.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хойд бүсэд Хараа голын сав газрын Бурхантын хөндийд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг юм.

Дархан хотын суурийг анх 1961 онд тавьснаас хойш эдүгээ 102,171 хүн амтай, хүн амын 67.5 хувь нь тохилог орон сууцанд амьдардаг, олон улсын авто болон төмөр замын зангилаан дээр байрладаг, төвийн эрчим хүчний системд холбогдсон, дэд бүтэц өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн томоохон төв болсон.

Дарханчууд бидний амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

Дархан-Уул аймгийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны дундаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 19, Гавьяат цолтон 89, Төрийн соёрхолт наймыг төрүүлсэн нь Та бидний зүй ёсны бахархал болж байдаг билээ.

Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.

Дарханы иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж, аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой нийт 6 бүлэг, 21 дэд бүлэг, 66 зорилт, 267 арга хэмжээ бүхий Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит II хуралдаанаар баталгаажуулж, хөгжил дэвшилд хүрэх замаа тодорхойллоо.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.

Бид үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор аймгийн талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зэрэг орон нутгийн үйл амьдралын олон талын мэдээллийг авах боломжтой юм.

Мөн түүнчлэн холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаарын жагсаалтыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг вэб сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын АЗЖАРГАЛ