Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, “Цайны зам” олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой “Цайны замын нэрэмжит авто ралли-2026” аяллын анхны баг Дархан хотод орж ирлээ.
Өнгөрсөн өдрүүдэд Дорноговь, Сэлэнгэ аймгаар дайран өнгөрсөн аяллын багийг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нарын холбогдох албаныхан хүндэтгэлтэйгээр угтан авч, дараагийн аймаг руу нь үдэн гаргалаа.
Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын “Цайны зам” дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд аялалд 3 улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 70 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.
“Марко Поло” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Аймгийн удирдлагууд Дархан хотын бэлгэдэл “НАДА” -гаа хамт аялуулахаар бэлэглэсэн бол Дархан Хүнс ХК-ийн хамт олон брэнд бүтээгдэхүүнийхээ дээжээр аян замын ерөөл өргөн, гарын бэлэг барилаа.


Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.
Жил бүр цайн замыг дагасан автораллигаас гадна автомашинтай аялал жилийн дөрвөн улирлын туршид байнга зохион байгуулагдана гэдгийг мөн үеэр онцоллоо.



