“Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт мод тарьж ургуулах, уул уурхайн ашиглалтаас үүдэж эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээх ажлуудыг эрчимтэй хийж байна. Аймгийн хэмжээнд 2025 онд 3 байршилд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлын зардлаар 2 ААНБ-тай гэрээлэн ажиллаж байгаагийн нэг нь Оюу-Толгой ХК юм. Тус компанийн захиалгаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зурамтай хэмээх газарт 150 га талбайг ойжуулахаар “Говийн улиас” ХХК ажиллаж байна.
Энэ газар 3 жилийн хугацаанд 1500 га-д нийт 3750 ширхэг нарс модны тарьцаар ойжуулалт хийхээр төлөвлөжээ. Ойн талбайд мал бэлчих зэргээр сөрөг нөлөөллөөс сэргийлж хашаажуулж ойжуулалтыг хийж байна. Ойжуулалтын ажлын хүрээнд мөн “Алд дэлгэм” ХХК зулзагын нарсан ойг тэлэх ажлыг хийхээр тендерт шалгарч 3га газарт 1200 ширхэг ширхэг суулгацыг 3 жилийн хугацаанд арчлан хамгаалж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд замбараагүй олгосон хайгуул, ашиглалт, олборлолтын лиценз, гар аргаар алт олборлогчдын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгалийн онгон дагшин байдал доройтож экологийн тэнцвэр ихээр алдагдсан. Үүнийг засаж сайжруулах, нөхөн сэргээх ажлыг 2021 оноос хойш эрчимтэй зохион байгуулж аймаг орон нутгаас томоохон ААНБ, нөхөрлөлүүдтэй хамтран ийнхүү техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж байна.
Нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын хүрээнд энд усандаа ойрхон газарт бургас болон улиас, хайлаас, элс хайргагүй газраа нарс мод тарих юм байна. 4-5 зүйлийн 10-20 мянган мод тарих гэрээтэй юм байна.

default