Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны шинэ дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, техник технологийн салбарт мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор анх удаа ”Dronex mongolia-2025” өсвөрийн УАШ тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Б.Тулга-ын нэрэмжит уг тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн 3 төрлөөр явагдаж буй уг тэмцээнд 11 аймгийн 11–18 насны 173 хүүхэд, залуус ур чадвар, авьяас, мэдрэмжээ уралдуулж байна. Олон улсын стандартад нийцсэн хамгаалалтын тортой талбайд оролцогчид нэг нэгээр гараанд гарч, зассан саад дундуур өгсөх, уруудах нислэг үйлдэж, тусгайлан бэлдсэн объектын бүтэн тойрог буюу 360 градусын бичлэг хийх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ.
21 аймгийн хэмжээнд өсвөрийн мэдээллийн технологийн Хурдан клуб байгуулагдаж 3000 орчим ахлах ангийн хүүхдүүд хамрагдсан. Өсвөрийн Хурдан клубээр дамжуулан дроны нисгэгч, хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, программ хангамжийн хөгжүүлэгч, e- sport-ийн тамирчин зэрэг дэвшилтэд технологийг ашиглах ирээдүйн хүний нөөцийг бэлтгэнэ.
Монгол Улс төрийн цахим үйлчилгээ, цахим засаглалын индексээрээ дэлхийд 193 орноос 46-д жагсдаг. Уг үзүүлэлтийг сайжруулах, технологид суурилсан шинэ эдийн засгийн нэг гол тулгуур нь дрон. Хөдөө аж ахуй, байгаль хамгаалал зэрэг мэргэжлийн чиглэлд дроныг үр ашигтай ашиглах боломжтой.

