Дархан-Уул аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025.04.21-30-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийнэ. Өнөөдрөөс эхэлж байгаа хяналт шалгалтын хүрээнд иргэдийн хүнсний хэрэглээнд нийлүүлж буй импортын болон дотоодод тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн тариалалтын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал болон пестицидийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээ хийж, гарал үүслийг тодорхойлж, бусад холбогдох шаардлагад нийцэж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Энэ сарын 09-ний өдөр СХЗГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Дарханд ажиллаж хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар зарим төрлийн хүнсний ногоо, жимснээс пестицидийн үлдэгдлийн илэрсэн гэсэн лабораторийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
Урьдчилсан дүгнэлттэй холбогдуулан аймгийн засаг даргаас өгсөн үүргийн дагуу ХХААГ, СХЗХ, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа, лабораторийн холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт явуулж, нийт 100 гаруй дээжийг авч шинжилгээнд хамруулж баталгаажуулахаар ажиллаж байна. Шинжилгээний хариу 7-10 хоногийн дараа ирнэ.
Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тавигдах хил гаалийн хяналтыг сайжруулах хэрэгтэйг албаныхан хэлж байна. Мөн ард иргэд бараа бүтээгдэхүүнээ худалдан авахдаа шинжилгээний бичиг, хадгалалт, хамгаалалтыг нь ч нягталж үзэж байхыг анхааруулж байна.
