Аймгийн Засаг даргын ХХААХҮЯ болон Сангийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд энэ жил Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн 4 суманд нийт 10,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор хувиарласан. Зээлийн сонгон шалгаруулалтыг аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооноос явуулж 56 аан-д 8,9 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны тогтоолыг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан. Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газраас аан-үүдтэй зээлийн гэрээг үзэглэлээ.
Сонгон шалгаруулалтыг нийт 3 үе шаттайгаар зохион байгуулж 1-р шатанд 94 аан хүсэлт ирүүлснээс 57 аан 2-р шатанд тэнцэж, 1 аан оролцох боломжгүй болсноор 56 аан 3-р шатанд оролцож тэнцсэн. ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн хугацаа, хүүгийн нөхцөл болоод сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулсан нь бизнес эрхлэгчдэд таатай байна гэв. Дахин зарласан 1,9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг 4-р сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авна.