АТГ-аас Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан 21 аймаг, аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалт өнөөдөр /2024.12.05/ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж 80 гаруй удирдах албан тушаалтан хамрагдлаа.
Сургалтаар авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн ахлагчтай ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцоос жил бүрийн 12 сарын 9-ний өдрийг авлигын эсрэг, олон нийтэд авлигын гэмт хэргийг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэхээр зарласнаас хойш жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцод 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн байна.