Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт Засаг даргын дэргэдэх өсвөрийн “ХУРДАН” клубыг байгууллаа.
Клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлж ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Эдгээр сурагчид мэдээлэл технологи, цахим элч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой.