Орон нутагт анх удаа өвлийн мөсөн ордтой болох эхлэлийг Дарханчууд тавилаа. Учир нь аймгийн хоккейн холбооноос удаа дараа тавьсан хүсэлтийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дэмжсэнээр ийнхүү бодит биеллээ олж өнөөдөр /2024.11.01/ өвлийн мөсөн ордны шав тавих ёслол боллоо.
Тус өвлийн мөсөн ордон нь олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой 450 хүний суудалтай 7500 м2 талбай бүхий цогцолбор юм. Мөн авто машины зогсоолыг бүрэн шийдэж өгчээ. Тус ажлын гүйцэтгэгчээр хилийн цэргийн 0119-р ангийн бие бүрэлдэхүүн ажиллах юм.
Шав тавих ёслолын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал хоккейн холбоонд хандан иргэний зөвлөл байгуулж өвлийн мөсөн ордны барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг хүслээ.
Хорин жилийн мөрөөдлөө бодит ажил болж буйд хоккейн спортоор хичээллэдэг тамирчид УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон аймаг орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийллээ.