Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай

2024.10.31
29 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2020 оны 03 сарын 20 өдөр                                                 Дугаар 01-04/02                                                  Дархан

 

 

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,
тэмцэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Онцгой комиссын 2020 онны 01 дүгээр албан даалгавар, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны А/162 дугаар тушаалыг тус тус үндэслэн ДААЛГАХ нь:

 Нэг: Сумын Засаг дарга Б.Азжаргал, Д.Амарсанаа, Б.Алтансарнай, Т.Атархишиг нарт:

1.1 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой шинэлэг ажлуудыг хариуцсан нутаг дэвсгэр, баг бүрт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, сурталчилгааг явуулж, дайчлагдан ажиллах мэргэжлийн анги, малчид иргэдийг өөрийгөө хамгаалах, түймэр унтраах арга ажиллагаанд сургах,

1.2 Хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор сум орон нутгийн хэмжээнд өндрийн харуул, хөдөлгөөнт эргүүл, хяналтыг зохион байгуулах,

1.3 Түймрийн цагийн байдлын тухай мэдээллийг холбогдох байгууллага, иргэдэд мэдээлэх шуурхай зохицуулах жижүүрийг 2020 оны 03 дугаар сарын 25-аас 6 дугаар сарын 20, 09 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 10-ны хооронд ажиллуулах,

1.4 Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.10-18.2.19 дэх заалтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төмөр зам, иргэдийн өвөлжөө, хаваржаа, үтрэм, тариалангийн талбай, ой дахь барилга байгууламжид ой, хээрийн түймрийн хамгаалалтын зурвас хийлгэж, хүлээж авах.

Хоёр: Аймгийн Онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Ганзоригт:

2.1 Ой, хээрийн түймрээс хамгаалах шороон болон халз зурвасыг шинээр татах, сэргээх, ойд цэвэрлэгээ хийх ажлыг сум, орон нутаг, ойн мэргэжлийн байгууллага ойн нөхөрлөлүүдтэй хамтран зохион байгуулах,

2.2 Ойн сан бүхий газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, заавар зөвлөмж, үүрэг даалгавар өгөх,

2.3 Ой санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн менежментийн төлөвлөгөөнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар тусгасан ажлын биелэлтэд хяналт тавих,

2.4. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтайгаар явуулж, урьдчилан сэргийлэх ажилд сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоог хангах,

2.5 Сумдын байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж, хариуцсан нутаг дэвсгэртээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгч, хяналт тавьж ажиллах,

Гурав: Аймгийн Онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэд:

3.1 Ойн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

3.2 Ой, хээрийн түймрийн аюултай улиралд ойн сан бүхий газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага, мод бэлтгэл, ойн дагалт баялгийн ашиглалтад мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллах,

Дөрөв: Аймгийн Онцгой комиссын гишүүн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуягт :

4.1 Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/16, А/10 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан обьектын болон ой, хээрийн үед ажиллах журмыг хэрэгжүүлэн ажиллах,

4.2 Ой, хээрийн түймрийн тохиолдол бүрийг хуулийн хугацаанд шуурхай шалгаж, эзэн холбогдогч, шалтгаан нөхцлийг тогтоож, гэм буруутай иргэн, хуулийн этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэн олон нийтэд мэдээлж ажиллах,

4.3 Цаг агаарын хуурайшилтын “аюултай”, “нэн аюултай” зэрэгт хүрсэн үед аймаг, сумаас гарах замуудад эргүүл, хяналт, шалгалтын цэгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллуулж, ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, автомашин, техникийн галын аюулгүй байдлыг хангуулж, ажиллах,

4.4 Ой, хээрийн түймрийн үед автомашин, техникийн дайчилгааг хуулийн дагуу зохион байгуулах,

Тав: Аймгийн Онцгой комиссын гишүүн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Алтандолгионд:

5.1 Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилтын зэрэглэлийг тогтмол гаргаж, иргэд олон нийтэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр сурталчлах ажлыг зохион байгуулах,

5.2 Хуурайшилтын зэрэглэл “аюултай”, “нэн аюултай” зэрэгт хүрсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн

аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, бэлэн байдлыг хангах,

5.3 Аймгийн нийт нутгийн хуурайшилтын зэрэг, гантай үеийн мэдээлэл, судалгааг нэгтгэн боловсруулж, зураглал гарган тухай бүр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдээлж, иргэдэд багц мессэж үйлчилгээгээр анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллах,

Зургаа: Аймгийн Онцгой комиссын гишүүн, Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэд:

6.1 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран болон бие даан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай зохион байгуулах.

Долоо: Аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд:

7.1. Ойн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтын дагуу ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын нөхцөл байдлаас хамааран түймэр гарах эрсдэлийн зэрэглэл өндөр үед байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах зогсоох,

7.2 Ой, хээрийн түймрийг унтраах техник, тоног төхөөрөмж, холбооны хэрэгсэл, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, түймрийн үед Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангиудыг татан оролцуулах, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүн, хүч хэрэгслийн дайчилгааг хуулийн хүрээнд зохион байгуулах,

7.3 Зэвсэгт хүчний анги, орон нутгийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд ой, хээрийн түймэр унтраах сургалт, дадлагыг зохион байгуулах,

7.4 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сэрэмжлүүлгийг давтамжтайгаар явуулах, гарсан түймрийг богино хугацаанд унтрааж, цагийн байдлыг тухай бүрт нь мэдээллэх,

7.5 Ой, хээрийн түймрийн тохиолдол бүрийг бүртгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг нэгтгэж, судалгаа гаргаж, холбогдох байгууллагад мэдээлэх,

7.6 Ой, хээрийн түймэрт ажиллах алба хаагчид болон дайчлагдан ажиллах томилгоот иргэдийн хувийн аранз, гар багаж, автомашин, техник, тоног төхөөрөмж бүх төрлийн багаж, хэрэгслийн засвар үйлчилгээг хийж, аюулгүй найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай сэлбэг, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулж ажиллах.

7.7 Ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх үед сахилга бат, захирах захирагдах ёс журмыг чанд баримтлан цэргийн дүрмийг сахин биелүүлж ажиллах.

7.8 Ой хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний байршлыг тодорхойлогч /GPS/ сансрын холбооны утас /IRIDIUM/ болон байр зүйн зургаар хангаж түймрийн голомтод очсон даруйд газар орон, цаг агаарын нөхцөл

байдал, шатлагын талбай /га/ солбилцлыг үнэн зөв, шуурхай тодорхойлж мэдээллэж ажиллах,

7.9. Мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, галын аюулгүй байдлыг хангаагүй байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлж ажиллах.

Найм. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаярт:

8.1 Ангийн бүрэлдэхүүнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Онцгой байдлын газартай хамтран сургалт, дадлагын ажлыг зохион байгуулах,

8.2 Ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэх үед өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор галт зэвсэг ашиглах заавар зөвлөмж, сургалт дадлагын ажлыг зохион байгуулах

Ес. Аж ахуй нэгж байгууллага, нөхөрлөл, хуулийн этгээдийн дарга нарт:

9.1 Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой, хээрийн түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хуурайшилтын зэрэглэлээс хамаарч аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, оюутан сурагчид, иргэд ногоон бүсэд аялал зугаалга хийлгэхгүй байх.

9.2 Ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, жуулчны бааз зэрэг үйлчилгээний байгууллагуудад ой, хээрийн түймэр унтраах анхан шатны багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах.

Арав. Ард иргэдэд уриалах нь:

10.1 Ой, хээрийн болон ахуйн гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор газар нутаг өөрсдийн гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, ой хээрийн түймрийн үед холбогдох төрийн байгууллагатай нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, газар нутаг, хувийн эд хөрөнгө, мал амьтан, бэлчээрээ хамгаалан сонор сэрэмжтэй байх.

Арван нэг. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар:

11.1 Албан даалгаврын биелэлтэд үнэлгээ дүгнэлт өгч, дүнг 2020 оны 05 дугаар сарын 30-ны дотор танилцуулахыг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга С.Ганзориг нарт даалгасугай.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ
КОМИССЫН ДАРГА С.НАСАНБАТ