Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Ногоон байгууламж байгуулах ажлыг зохион байгуулах тухай

2024.10.31
27 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМАГ
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2021 оны 05 сарын 17 өдөр                                                Дугаар 01-04/04                                                                                Дархан

Ногоон байгууламж байгуулах ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалт, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, “Ногоон Дархан” төсөл батлах тухай аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01-А/133 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах, иргэдийг эрүүл, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ДААЛГАХнь:

Нэг. Сумдын Засаг дарга нарт

 

1.1 Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мод тарих, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд татан оролцуулж, тарьц, суулгацаар хангах, мод тарьж ургуулах арчилж, хамгаалах арга зүйн зөвлөгөө өгч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцуулан хуваарилж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

 

1.2 Ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьж, учирсан хохирлыг тооцох ажлыг зохион байгуулж, зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж байх;

1.3 Мод тарих, ногоон байгууламжийг бий болгох аргачлалын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтыг зохион байгуулж, мэдээллийг байршуулах, идэвх санаачлагатай ажиллаж ногоон байгууламж бий болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;

1.4 Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг жил бүр зохион байгуулж, тайлагнах;

1.5 Орон нутгийн чанартай авто зам дагуу ойн зурвас байгуулах ажилд хяналт тавьж, хамтран ажиллах;

1.6 Сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн судалгааг гаргаж, 2024 онд ногоон байгууламжийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, мэдээллийн санд оруулах, тухай бүр тайлагнах.

Хоёр. Бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт 

2.1 “Ногоон Дархан” төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага мэргэжлийн байгууллагаас гаргасан стандартын шаардлага хангасан модны тарьц суулгац бэлтгэж, байгууллагын гадна талбайд болон, хуваарилсан талбайд мод тарьж ургуулах, цаашид арчлан хамгаалах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг гэрээ, зураглалын дагуу ногоон байгууламж байгуулж, бүртгэлжүүлэн тайлагнах;

2.2 Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн хүчээр мод тарьж ургуулах боломжгүй тохиолдолд мод тарих зардлыг хандивлах ажлыг зохион байгуулах.

Гурав. Боловсрол, соёл урлагийн газарт

 

3.1 Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд ногоон байгууламжийг бий болгох, оюутан сурагчдыг мод тарих арга ухаанд сургах, байгаль хамгаалах өсвөрийн байгаль хамгаалагч бүлгэмүүдээр дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулж, үйл ажиллагааг сурталчлах;

3.2 Жил бүр төгсөх ангийн сурагч, оюутнуудын нэрэмжит төгөл байгуулж, арчилгаа, хамгаалалтыг тухайн сургууль, цэцэрлэг хариуцан, бүртгэлжүүлэн тайлагнах.

Дөрөв. Сууц өмчлөгчдийн холбоонд

4.1 Нийтийн зориулалтын орон сууцны хороолол дундах ногоон байгууламжийгтөлөвлөлтийн дагуу гүйцэтгэх ажилд оршин суугчдыг уриалан татан оролцуулах;

4.2 Тарьсан мод бут, сөөгийн арчилгаа, хамгаалалтыг сайжруулж, нөхөн тарилт, намрын цэнэг усалгаа хийж тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэх;

4.3 Таримал мод, зүлэг, цэцэрлэгжүүлсэн талбай зэрэг ногоон байгууламжид мал амьтан оруулахгүй байх;

4.4 “Ногоон Дархан” төслийн хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан, мэдээг Захирагчийн ажлын албанд тайлагнах.

Тав. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст

 

5.1. Барилгын эх загвар /эскиз/ зураг батлуулуулахад барилга байгууламжийн гадна ногоон байгууламжийн төлөвлөлтийг тодорхой болгож, баталгаажуулах, хяналт тавих;

5.2. Шинээр баригдсан барилга байгууламжийн эзэмшлийн газарт 30-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгосон тохиолдолд хүлээж авах шийдвэр гаргах;

5.3 Хүйтний улиралд барилга байгууламжийг ашиглалтад оруулах тохиолдолд өмнөх хавар, намар урьдчилан бий болгосон ногоон байгууламжийг тооцож хүлээж авах;

5.4 Барилга байгууламжийг хүлээж авсны дараа 3 жилийн хугацаанд ногоон байгууламжийг хариуцан хамгаалах, арчлах асуудлыг тухайн барилгын компанитай гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах.

Зургаа. Эзэмшил, өмчлөл, амины орон сууц бүхий иргэдэд

6.1.Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч, өмчлөгч нь эзэмшлийн газартаа 10-аас доошгүй мод, бут тарьж ногоон байгууламжийг бий болгох.

Долоо. Мэдээлэл технологийн албанд

 

“Ногоон Дархан”төслийн ажлын явц, үр дүнгийн талаар сурталчилгааг аймгийн хэмжээнд зохион байгуулах.

ЗАСАГ ДАРГА                                                  Б.АЗЖАРГАЛ