Жил бүрийн энэ өдөр боловсролын салбарын ололт амжилт, цаашдын бодлого үйл ажиллагаа, шинэ хичээлийн жилийн зорилго зорилтоо хэлэлцэхээр мянга мянган эрдэмтэн багш нар хуран чуулдаг билээ.
Энэ жил Дархан-Уул аймагт төрийн болон хувийн хэвшлийн ЕБ-ын 26 сургуульд 25996 сурагч, 42 цэцэрлэгт 8270 хүүхэд сурч хөгжиж, ЕБС-ийн 1283 багш, СӨБ-ын 600 гаруй багш, туслах багш нар боловсролын үйлчилгээг үзүүлнэ.
Багш нарын хурлын үеэр Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан 2024-2025 оны хичээлийн жилийн зорилго зорилтыг танилцууллаа. Үүнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын суралцагчийн эзэмших чадамжийг хөгжүүлэхэд бүх талын оролцоо, хамтын ажиллагааг хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд 12 зорилтыг дэвшүүлжээ.
Дархан-Уул аймаг “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд энэ онд “ОИЦ”- Б байрны биеийн тамирын талбайн тохижилт, “Од” цогцолбор сургуулийн авто замын өргөтгөл, 56 суудалтай сурагчдын 4 шинэ автобус, 960, 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн байр, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр сургуулийн хүчин чадал 1280-аар, цэцэрлэгийн орны тоо 100-аар нэмэгдсэн онцлогтой хичээлийн жил эхэлж байна.
Аймаг орон нутгийн зүгээс зөвхөн Улсын төсвийг харалгүй орон нутгийнхаа нөөц бололцоогоор “Боловсрол -2032” хөтөлбөрийг үргэлжлүүлэн багш сурагчдын сурах орчин нөхцөлийг сайжруулан ажиллана гэлээ.