Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал баяр наадмыг нээж үг хэлэн наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ

2024.07.10
257 үзсэн

Эрхэм хүндэт Наадамчид аа,
Эрхэм хүндэт Дарханчууд аа
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Олон түмний сэтгэл тэнийсэн
Дэлгэр сайхан зун цаг айлчлан ирж
Төрт ёсны цэнгэлийн манлай, Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа болсон-Үндэсний их баяр наадам Дархан хотод ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жил, Дархан хотын түүхт 63 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нар хур тэгширч, байгаль дэлхий өнгөө засаж, найр эгшиг хосолсон Дархан хотод Баярын наадмын жавхаа ийнхүү тодрон та бид хамтдаа хоног тоолон хүсэн хүлээдэг баяр наадмаа эхлүүлж байна.
Өнөө жил Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгууль манай аймагт амжилттай зохион байгуулагдаж, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг багтаасан Төвийн бүсийн тойргоос иргэдээ төлөөлөж Монгол ардын нам, Ардчилсан намаас 10 нэр дэвшигч Улсын Их Хуралд сонгогдлоо.
Ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох, төрийн төлөөллөө сонгох энэ удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо, нийт төрийн албан хаагчиддаа болон сонгуульдаа идвэхтэй оролцсон иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улсын зэрэглэлтэй хот болох хэтийн төлөвлөлтэй манай аймаг нь 2023 оны аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 3 жил дарааллан 3 дугаарт эрэмбэлэгдсэн хэдийч өнгөрсөн оны үзүүлэлтээс 10 түвшингээр үзүүлэлт ахисан нь хамгийн их өөрчлөлт гарсан аймагт тооцогдож буйг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Ялангуяа бизнесийн орчин, санхүү, эдийн засгийн салбаруудаар нэгдүгээрт, хүн амын амьжиргааны түвшин, үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтцээрээ 2 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дархан хотод барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралтын ажлууд эрчимтэй өсөн нэмэгдэж өнөөдрийн байдлаар 23 байршилд 2754 айлын орон сууц баригдаж түүнээс 584 айлын орон сууц ашиглалтад орж, орон сууцны барилга байгууламж 5 дахин нэмэгдсэн байна. Бизнесийн таатай орчин нөхцөлийг бүх талаар дэмжиж CU, GS25, Tom и Toms coffee, Yuna, Bulls, КПС гэх мэт худалдаа үйлчилгээний томоохон салбар төвүүд нээгдэж, шинэ ажлын байрууд бий болж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж тоо 200-аар нэмэгдлээ.
Дархан-Уул аймаг нь орон нутгийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”, “Хүүхэд хамгааллын жил”, “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”, “Кинонд ээлтэй хот” зэрэг зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнөсөн, хөгжил дэвшлийн жилүүд болж байна.
Тухайлбал:
“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн жилүүдэд 7 цэцэрлэг сургуулийг шинээр барьж, өргөтгөн засварласан бол энэ онд шинээр 5 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, өргөтгөн засварлах ажлыг эхлүүлээд байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1327 хүүхэд өгч 18 хүүхэд 800 оноо авсан амжилтыг үзүүлж тэр дундаа англи хэлний хичээлээр 13 хүүхэд 800 оноо авч англи хэлний шалгалтын дүнгийн түвшингөөрөө сүүлийн 3 дахь жилдээ улсдаа тэргүүлж байгаа бол ЭЕШ-ийн нийт дүнгээрээ улсдаа 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
“Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарлаж сургуулийн спорт залыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж 5 спорт залыг ашиглалтад орууллаа.
Дархан хотын хүүхэд залуучуудаас 17 спортын төрлөөр 250 гаруй өсвөрийн шигшээ тамирчдыг бүрдүүлэн спортоор хичээллүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, амжилт гаргахад дэмжлэг үзүүлж ажилласаны үр дүнд Дэлхийн аваргаас Жүдо бөхийн тамирчин С.Анхзаяа хүрэл медаль, Азийн аваргаас Чөлөөт болон Жүдо бөхийн тамирчин О.Ариунсайхан Б.Ганцэцэг нар хос хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж, улс, аймаг, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас 418 медаль хүртээд байна.
Мөн 2200 хүний суудалтай 2 зал, усан бассейн бүхий “Darkhan-United arena” спортын цогцолборыг удаан хүлээсний эцэст бид ашиглалтад оруулж нээлтээ хийсэн бол Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг шаваа тавилаа.
Дархан хотын автозамын шинэчлэлийг өнгөрсөн жилүүдэд 30 байршилд 83.1 км урттай авто замыг явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь хийж, 763 авто машины зогсоол шинээр барьж байгуулсан бол энэ онд үргэлжлүүлэн 13 байршилд 22.9 км урттай авто замын 28 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд “Дархан-60” цогцолборыг байгуулах ажлуудыг үргэлжлүүлэн энэ жил элсний болон стандарт гар бөмбөгийн талбай, экстрим тоглоомын талбай, усан парк, хиймэр нуурыг шинээр байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Аймаг, орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжиж хамтран ажиллаж, гардан гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллага, хувийн хэвшлүүд болон улс, орон нутгийн төсөвт дэмжлэг үзүүлж байгаа УИХ-ын гишүүддээ нийт Дарханчуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.
Их хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хүндтэй гавьяа байгуулсан хөдөлмөрийн баатар, гавьяатуудын маань буухайг үргэлжлүүлж Баярын наадмын босгон дээр Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний баг зусах зөөлөн буудайн “Дархан 144 сорт”-ыг гаргаж нутагшуулсан гавьяаг үнэлж Я.Мягмарсүрэн, Б.Ганбаатар, С.Цэрэндолгор, П.Эрдэнэчимэг, Ц.Нямдорж нарыг “Монгол Улсын Төрийн соёрхолт” цол хүртлээ.
Эх дэлхийд түүхээрээ гайхуулж, есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залсан, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан Монгол наадмаараа айл өрх бүр үндэсний дээл хувцсаараа гоёж, түүхэн ёс уламжиллаа дээдлэн хүндэтгэж, хүүхэд бүр аз жаргалтай, настан буурлууд минь сэтгэл тэнэгэр байж хотол олноороо сайхан наадаарай.
Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёл, эх хэл, ёс уламжлалаа нандигнан бахархсан Дархан-Уул аймгийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдье.

[:]