Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журам

2022.09.19
79 үзсэн

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр                           Дугаар 54 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Засгийн газрын 2013 оны 54 дүгээр
тогтоолын хавсралт

МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛӨХ,
ТҮҮНЭЭС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх үйл ажиллагаанд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3. Энэхүү журмын 1.1-д заасан үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.

Хоёр. Үйлчилгээний хөлс төлөх

2.1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд амаар болон цахим хэлбэрээр өгөх мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.

2.2. Иргэн, хуулийн этгээд нь цаасан хэлбэрээр мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

2.3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1-д заасан байгууллага нь энэ журмын 2.2-т заасан үйлчилгээний хөлсний жишиг хэмжээг дараахь байдлаар тооцно:

2.3.1. А-4 (нэг тал) нэг хуудас мэдээлэл хэвлэх-50 төгрөг

2.3.2. А-4 (нэг тал) нэг хуудас мэдээлэл хувилах-25 төгрөг

2.4. Тухайн байгууллага нь энэ журмын 2.3-т заасан үйлчилгээний хөлсний хэмжээг зах зээлийн үнийн өөрчлөлтэй уялдуулан өөрчлөн тогтоож болно. Үйлчилгээний хөлс нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хэвлэх, хувилах, шуудангаар хүргүүлэх зэрэг шууд зардлаас хэтэрч болохгүй.

2.5. Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө энэ журмын 2.3, 2.4-т зааснаас өөр хэлбэрээр үйлчилгээний хөлс авахыг хориглоно.

2.6. Энэ журмын 2.2-т заасан үйлчилгээний хөлсийг тухайн байгууллагад бэлэн болон бэлэн бусаар төлнө. Үйлчилгээний хөлс төлөхтэй холбогдсон нарийвчилсан журмыг энэхүү журамд нийцүүлэн тухайн байгууллага тогтоож болно.

2.7. Мэдээллийг шуудангаар хүргүүлэх тохиолдолд энэ журмын 2.3, 2.4-т заасан үйлчилгээний хөлс дээр шуудангийн зардлыг нэмж тооцно. Шуудангийн үнийг тооцохдоо “Монгол шуудан” компанийн үнийн тарифыг баримтална.

Гурав. Үйлчилгээний хөлсөөс хөнгөлөх, чөлөөлөх тухай

3.1. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү журмын 2.3, 2.4-т заасан үйлчилгээний хөлсийг төлөхгүй.

Дөрөв. Бусад

4.1. Байгууллагын цахим хуудсанд байрлуулсан мэдээллийг тухайн байгууллага хэвлэж, олшруулж өгөхгүй.

4.2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3.1-д заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээллийг цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Тав. Хариуцлага

5.1. Энэ журмыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

——оОо——