Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын төсөлд санал авч байна

2022.09.19
46 үзсэн

ТӨСӨЛ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны

………дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.

1.2. Гадна зар сурталчилгааг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зорчиж байгаа иргэд, үйлчлүүлэгчдэд зориулан хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасны үндсэн дээр байрлуулж болно.

1.3. ЖурмыгДархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байнга болон түр оршин суугаа иргэд нийтээр дагаж мөрдөнө.

1.4. Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид үндэслэнэ.

1.5. Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн үеэр гадна зар сурталчилгааны үйл ажиллагаа Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана.

Хоёр. Гадна зар сурталчилгааны ангилал, төрөл

2.1. Гадна зар сурталчилгааг доор дурдсанаар ангилна.

2.1.1.Сурталчилгааны байгууламж;

2.1.2.Мэдээллийн байгууламж;

2.2. Гадна зар сурталчилгааг байрлаж байгаа газар, барилга байгууламж, обьектын хувьд доор дурдсанаар ангилна:

2.2.1.Нийтийн эзэмшил дэх;

2.2.2.Хувийн эзэмшил дэх.

2.3.Сурталчилгааны байгууламж дараах төрөлтэй байна.

2.3.1.Дээврийн байгууламж;

2.3.2.Тулгуурт байгууламж;

2.3.3.Түр байгууламж;

2.3.4.Барилга байгууламжийн ханан дахь байгууламж;

2.3.5.Гүүрэн байгууламж;

2.3.6.Лед гэрлэн байгууламж;

2.4.Мэдээллийн байгууламж дараах төрөлтэй байна.

2.4.1.Түр буюу зөөврийн байгууламж;

2.4.2.Диод гэрлэн дэлгэцтэй байгууламж;

2.4.3.Бусад;

Гурав. Гадна зар сурталчилгаа байрлуулахзөвшөөрөл олгохэрх бүхий байгууллага

3.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон барилга байгууламжид сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг доор дурдсан байгууллага олгоно.

3.1.2.Дархан суманд Захирагчийн ажлын алба, ерөнхий архитектор;

3.1.3.Хонгор суманд Засаг даргын Тамгын газар;

3.1.4.Орхон суманд Засаг даргын Тамгын газар;

3.1.5.Шарын гол суманд Засаг даргын Тамгын газар;

3.2.Хувийн эзэмшлийн барилга байгууламж, обьектын хана, дээвэрт байрлуулах сурталчилгааны байгууламж стандарт шаардлагад нийцсэн байна.

3.3.Хувийн эзэмшил дэх газарт сурталчилгааны байгууламж байрлуулах тохиолдолд сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдлын шаардлагыг тухайн газрын эзэмшигч хангуулж ажиллана.

Дөрөв. Гадна зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах

4.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтээ энэ журмын 3.1-д заасан байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримтыг хавсаргасан байна.

4.1.1.Гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлт;

4.1.2.Гадна зар сурталчилгаа байрлуулах газрын зураг, солбилцлын цэг;

4.1.3.Байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, эскиз зураг;

4.1.4.Хүсэлт гаргасан этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол гэрчилгээний хуулбар, тухайн байгууллагын танилцуулга;

4.1.5.Хүсэлт гаргасан этгээд нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.2.Энэ журмын 3.1-д заасан байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтийг хүлээн авч, дараах шаардлагыг хангасан тохиолдолд 30 хоногийн дотор зөвшөөрөл олгоно.

4.2.1.Эрх бүхий байгууллагаас баталсан шаардлагыг хангасан байх;

4.2.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хориглосон байршилд хамаарахгүй байх;

4.2.3.Хот төлөвлөлт, газар эзэмшил, шугам сүлжээ, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн хангамжийн бүтээн байгуулалт, засварын ажлуудтай уялдсан байх;

4.2.4.Орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн дийлэнх олонхи зөвшөөрсөн нөхцөлд Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн байх;

4.3.Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдтэй ажлын 5 хоногт 3-5 жилийн ашиглалтын гэрээг байгуулна.

4.4.Зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагаар гадна зар сурталчилгааны байгууламжийн ажлын зургийг хийлгэж, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр сурталчилгааны байгууламжийг хийлгэж байрлуулна.

4.5.Гадна сурталчилгааны байгууламжийн эзэмшигч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон төлбөрийг гэрээнд зааснаар төлөх бөгөөд гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргана.

4.6.Гадна зар сурталчилгааны зөвшөөрлийг дараах тохиолдолд цуцална.

4.6.1.Ажлын зураггүй, барилга угсралтын зөвшөөрөлгүйгээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;

4.6.2.Гадна зар сурталчилгааны байгууламж өнгө үзэмж, аюулгүй байдлын хувьд тавих шаардлагыг хангахгүй бөгөөд зөрчлийг арилгах талаар энэ журмын 3.1-д заасан байгууллага болон мэргэжлийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй;

4.6.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийн байршил хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талбай трасст орох болсон;

4.6.4.Иргэн, хуулийн этгээд нь төлбөрөө гэрээний дагуу төлөөгүй;

4.7.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг 3.1-д заасан байгууллага гаргана.

4.8.Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах,ашиглах,хяналт тавихтай холбогдсон бусад харилцааг гэрээгээр зохицуулна.

Тав. Гадна зар сурталчилгааг буулгах

5.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийн эзэмшигч дараах тохиолдолд тухайн байгууламжийг өөрийн зардлаар буулгана.

5.1.1.Зөвшөөрөлгүй, ажлын зураггүй,гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан;

5.1.2. Ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болсон;

5.1.3.Энэ журмын 4.7-д заасны дагуу зөвшөөрлийг цуцалсан.

5.2.Гадна зар сурталчилгааны байгууламжийг эзэмшигч нь журмын 5.1-д заасан тохиолдолд түүнийг 10 хоногийн дотор өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийнэ.

5.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийг эзэмшигч нь журмын 5.2-т заасныг зөрчсөн тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг түүгээр нөхөн төлүүлнэ.

Зургаа. Захирагчийн ажлын албаны эрх,үүрэг

6.1.Аймгийн Захирагчийн ажлын алба гадна зар сурталчилгааны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

6.1.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

6.1.2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг шуурхай арилгуулах;

6.1.3.Зөвшөөрөлгүй болон журмыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах арга хэмжээг зохион байгуулах;

6.1.4.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдтэй ашиглалтын гэрээ байгуулж, төлбөрийг төсөвт төвлөрүүлэх;

6.1.5. Хууль тогтоомжид заасан бусад.

Долоо.Сумдын Засаг дарга нарын эрх, үүрэг

7.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийж, зөрчлийг арилгуулах;

7.7.1.3өвшөөрөлгүй болон журмын заалтыг зөрчин байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах арга хэмжээг зохион байгуулах;

7.7.2.3өвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ хийж, төлбөрийг орон нутгийн төсвийг төсөвттөвлөрүүлэх;

7.7.3.Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон бусад харилцааг гэрээгээр зохицуулна;

7.7.4. Журмын хэрэгжилтийг хэрхэн хангасан талаарх ажлын тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор Захирагчийн ажлын албанд ирүүлэх;

Найм. Иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах үүрэгтэй.

8.1.1.Хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцаж арилгах;

8.1.2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан тохиолдолд дүйцэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

8.1.3.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж болон журмыг зөрчсөний улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг бүрэн хариуцаж арилгах;

8.1.4.Төрийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээг олон нийтэд сурталчилах зорилгоор сурталчилгааны байгууламжаа тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах;

8.1.5.Хууль тогтоомжид заасан бусад.

—о0о—

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны

………дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БОЛОН МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖБАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ

1.Гадна зар сурталчилгааны байгууламжийг дор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно.

1.1.Түүхийн дурсгалтай газар, соёлын өвд бүртгэсэн хөшөө баримал

1.2.Музей, дархан цаазат газар

1.3.Архитекторын өвөрмөц хийц бүхий уран барилга байгууламж

1.4.Сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс, хаалт

2.Гадна зар сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг дор дурдсан гудамж зам, талбайд шинээр байрлуулахыг хориглоно.

2.1.Ардын өргөн чөлөө гудамж /16-н давхрын уулзвараас “Дархан Хүнс” ХК/

2.2.Үндэсний эрх чөлөөний гудамж /Аюулгүйн тойргоос зүүн тийш шинэ хорооллын 27 дугаар байрны зүүн уулзвар хүртэл/

2.3.Бурхантын гудамж /Аймгийн Засаг даргын Тамгын газраас хойшоо “Барилгачдын өргөн чөлөө”-ний замын уулзвар хүртэл/

2.4.Эрчим хүчний гудамж/АШУҮИС-аас шинэ хорооллын 27 дугаар байр/

2.5.Барилгачдын өргөн чөлөө /Хүслийн хотхон”-ны зүүн хойноос Дархан захын зүүн замын уулзвар хүртэл/.

3. Хууль тогтоомжинд заасан бусад.

4.Төрийн бүх шатны байгууллага өөрийн эзэмшлийн барилга байгууламж, гадна талбайд чиг үүргийн дагуу үйл ажиллагааны мэдээлэл сурталчилгаа байрлуулах нь хориглох заалтад хамаарахгүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны

………дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

НИЙТИИН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД БАЙРЛУУЛАХ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛБӨР

1.Тулгуурт, гүүрэн, барилга байгууламжийн хананд байрлуулсан байгууламжийн 1 /нэг/жилд ногдох төлбөрийн хэмжээг тооцохдоо 1м2 талбайн үнийг нийт талбайн дундажаар тооцно.

 

2.Лед буюу гэрлэн байгууламжийн 1 /нэг/ жилд төлөх төлбөрийн хэмжээг тооцохдоо нэг талын талбайн хэмжээгээр тодорхойлж тооцно.

3.Мэдээллийн байгууламжийн төлбөрийг 1 дүгээр зэрэглэлд жилийн 280000 төгрөг, 2 дугаар зэрэглэлд 140000 төгрөгөөр тооцно.

4.Боловсрол, эрүүл мэнд, банк санхүүгийн чиг үүрэг бүхий арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд зохих төлбөрийг гэрээнд зааснаар төлнө.

5.Төрийн захиргаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, соёл урлаг, спорт,боловсролын чиглэлээр гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл авсан байгууллага төлбөрөөс чөлөөлөгдөнө.