Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай

2022.09.26
99 үзсэн

с

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

 

ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулна.
Хэвлэх

2 дугаар зүйл.Өргөдөл, гомдлын тухай хууль тогтоомж

Өргөдөл, гомдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

1.Энэ хууль нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай, Арбитрын тухай хуулиар шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг уг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь заалт, 16 дугаар зүйлд заасан хугацааг баримтална.

 

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо

Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/”өргөдөл” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.

2/”санал” гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг;

3/”мэдэгдэл” гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг;

4/”гомдол” гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг;

5/”өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг.

/Энэ зүйлийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

5 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах эрх

1.Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

2.Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, гомдол гаргах талаар Монгол Улсын иргэний адил эрх эдэлнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргагчийн эрх

Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ:

1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;

2/өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах;

3/өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах;

4/өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;

5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх.

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

7 дугаар зүйл.Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүрэг

1.Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

1/иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;

2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;

3/өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;

4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах;

5/өргөдөл, гомдолд дурдсан төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;

6/өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;

7/өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу харъяа байгууллага, доод шатны албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах;

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаархи мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлэх;

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах.

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

10/өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх.

/Энэ заалтыг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага, албан тушаалтанд шилжүүлж болохгүй.

3.Байгууллагын удирдлага нь тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнана.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ

8 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах зарчим

1.Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй.

2.Өргөдөл, гомдол үнэн зөв байна.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Өргөдөл, гомдол гаргах хэлбэр

1.Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Төрийн албан ёсны хэлийг мэдэхгүй бол төрөлх хэлээрээ өргөдөл, гомдол гаргаж болно.

3.Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.

4.Иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан өргөдөл, гомдолд амаар хариу өгч болох бөгөөд шаардлагатай бол шалгаж тодруулан бичгээр хариу өгч болно.

/Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

10 дугаар зүйл.Өргөдөл, гомдолд тавих шаардлага

1.Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Өргөдөл, гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

3.Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Өргөдөл, гомдол гаргах

1.Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана.Төрийн байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжоор тогтоосон эрхлэх асуудлын хүрээг албан ёсоор нийтэд зарлаагүй нь тухайн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.

/Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд, харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагад гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ, ХАРИУ ӨГӨХ

12 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх

1.Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ. Хол газраас ирсэн иргэнийг хүлээлгэлгүйгээр хүлээн авч уулзана.

2.Иргэдийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан өргөдөл, гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Энэ зүйлийн 2, З дахь хэсэгт зааснаар бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ.

5.Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.

6.Өргөдөл, гомдлыг албан тушаалтан шууд хүлээн авч болно.

7.”Нууц”, “гарт нь” гэж хаягласан өргөдөл, гомдлыг тухайн албан тушаалтанд шууд өгнө.

8.Өргөдөл, гомдлыг энэ зүйлийн 6,7 дахь хэсэгт зааснаар хүлээн авсан албан тушаалтан дараахь журмыг биелүүлнэ:

1/өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ;

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/ирсэн өргөдөл, гомдолд албан тушаалтныг өөрий нь холбогдуулсан, эсхүл өргөдөл, гомдол тухайн албан тушаалтны эрх хэмжээнд хамаарахгүй бол энэ зүйлийн З дахь хэсэгт заасан ажилтанд хүлээлгэн өгнө.

Хэвлэх

13 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг хянан үзэх

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ:

1/өргөдөл, гомдол нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтооно;

/Энэ заалтад 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ;

/Энэ заалтад 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3/өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна;

4/өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

1.Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно:

1/өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй;

2/бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;

3/төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4/өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

/Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Өргөдөл, гомдол нь энэ хуулийн 1О дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй

11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар гаргаагүй бөгөөд үүний улмаас өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй бол уг шаардлагыг хангахыг мэдэгдэж, түүнийг өргөдөл, гомдол гаргагчид З хоногийн дотор буцаана.

/Энэ хэсэгт 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх

1.Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана.

2.Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудал /орон сууц олгуулах гэх мэт/-аар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.

3.Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

4.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.

5.Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

6.Саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах буюу энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмаар хариу өгнө.

7./Энэ хэсгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

Хэвлэх

16 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

2.Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Хэвлэх

17 дугаар зүйл.Шийдвэрт гомдол гаргах

Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

/Энэ зүйлд 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

18 дугаар зүйл.Өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг биелүүлэх

1.Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна.

2.Гомдолд дурдсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар гаргасан шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл.Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих

1.Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина.

2.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээнэ.

3.Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

20 дугаар зүйл.Өргөдөл, гомдолд судалгаа дүгнэлт хийх

Төрийн байгууллагууд өргөдөл, гомдлын агуулгад судалгаа дүгнэлт хийж, түүний мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Хэвлэх

21 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулна.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн заалтыг зөрчиж, бусдыг доромжилсон, гүтгэсэн, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээдэд Иргэний хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаа хожимдуулан хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ