Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2018.08.13-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл

2022.10.02
89 үзсэн

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 08 дугаар сарын 13 № 24 Дархан-Уул аймаг

Аймгийн Засаг даргын Шуурхай хурал 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдав. Хуралдааныг аймгийнЗасаг дарга С.Насанбат удирдаж, хуралд нийт 17 удирдах албан тушаалтнууд оролцохоос 14 оролцож хуралдааны ирц 82,3 хувьтай байв. Гишүүдийн ирцийн бүртгэлийг хавсаргав.

  • ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
  • 1.Хэлтэс, алба, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан, холбогдох шуурхай мэдээ, мэдээллийг танилцуулах, өмнөх шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг танилцуулах.

Хуралд оролцсон хэлтэс, албад, сумдын дарга нар өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулав.

АСУУЛТ, ХАРИУЛТ:

С.Насанбат: Тотал импексийн барилга эхлэх зөвшөөрлийг өгөх шаардлагатай байна. 8 дугаар сарын 15-ны өдөр болж байхад орон сууцны барилгын ажил эхлэх гэж байна. С.Баясгалан дарга хариуцлагагүй ажилласан шүү. Өнөөдөр гэрээнийхээ төслийг бэлдээд маргааш гэхэд надаар зуруулаарай. Төрөх эмнэлгийн барилгын ажил ямар түвшиндээ явж байна вэ? Тог цахилгааны асуудлаа шийдүүлье гээд дарга нь 5 дахь өдөр над руу ярьсан. 15 дугаар багийн төвийн байр газрын асуудлаас болж хамгийн сүүлд ажил нь эхэлсэн. Хамгийн түрүүнд шав тавьсан атал хамгийн сүүлд ажил нь эхэллээ. Анхаарч ажилламаар байна.

С.Баясгалан: ОНӨГ-аас ХОХБТХ-тэй хамтран өнгөрсөн хагас сайн өдөр багийн төвүүдийн байр, 23 дугаар цэцэрлэг, спорт цогцолбор, зам, төрөх эмнэлгийн байрнуудын ажлын явцтай танилцсан. 11,12 дугаар багийн төвийн байр 30 хувьтай. Карказаа хийсэн. Одоогийн байдлаар 2 давхар нь гарсан. Ирэх 7 хоногийн 1 дэх өдрөөс эхлэн дүүргэлт хийнэ. 3 давхар барилга барина. 11,12 дугаар багийн ажил графикаас 7 хоногийн өмнө явж байгаа. Харин 15 дугаар багийн төвийн байрны ажил 7 хоногоор хоцорч байна. 15-р багийн төвийн байрны шугаман суурь дууссан. Одоо зүрхэвчээ хийж байна.

С.Насанбат: Юугаар дүүргэлт хийх юм бэ?

С.Баясгалан: Тоосго болон блокоор дүүргэлт хийнэ. Хана бол блокоор дүүргэнэ. Төрөхийн барилга цахилгааны шугамаа татсан. Холбох ажил нь асуудалтай байгаатай танилцсан.

Э.Равжаадэлгэрэх: Эмнэлгийн даргатай ярьж зөвлөөд хагас сайн өдөр хагалгаагүй үед цахилгааны асуудлаа шийдвэрлэж, холбоё гэж төлөвлөсөн.

С.Баясгалан: 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга дээр очлоо. 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусах ёстой. Гэтэл одоогийн байдлаар хугацаандаа дуусах боломжгүй харагдаж байна. Улсын төсвөөр хэрэгжиж байгаа, Барилга хөгжлийн төв хариуцаж байгаа ажил. Ажлын зурганд нь өөрчлөлт орсон.

П.Батсүх: Засгийн газрын тогтоолоо бариад 2 удаа очиж хяналт тавьсан. Ажлын зурганд өөрчлөлт орсон тул бригад нь бас солигдсон. Хугацааны хувьд хоцорч байгаа талаар удаа дараа анхааруулсан.

С.Насанбат: БСШУСЯ-ны яаманд миний нэрээр ажлын явцын талаар албан бичиг өнөөдөр явуулаарай. Бид ашиглагчийн зүгээс хяналт тавьж, шаардлагаа тавилаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 10 хувьтай байна. Захиалагчийн зүгээс холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж өгнө үү гэсэн утгатай бичиг явуулаарай. П.Батсүх дарга төслийг нь бэлдээрэй.

С.Баясгалан: Спорт цогцолборын барилгын явцтай танилцсан. Дотор ажил явагдаж байна. Зургийн компанитай ярьсан. Өнөөдөр манайд зургаа өгөхөөр ярьж тохирсон. Зургийн баг өнөөдөр манайд ирнэ.

С.Насанбат: Хэдэн цагт уулзах юм? Хамт уулзъя.

С.Баясгалан: Наашаа гараад явж байгаа.

Э.Равжаадэлгэрэх: Холбогдолтой нэг мэдээлэл байна. Спорт цогцолборын барилгын зургийн хувьд мэдээлэл харилцаа холбооны зураг нь 2008 онд хийгдсэн. Гэрэлт гудамжны дундуур орохоор хийгдсэн байсан. ДЦТС, ДДС, Дархан Ус суваг, ЗА, ГХБХБГ, аймгийн Ерөнхий архитектор хамтран уулзалт хийж зөвшилцсөн. 1а байрны булангаас сүвлэж гаргаад Монгол банк, Спорт ордон гэж гарасан зургаар солих талаар зөвшилцсөн.

С.Насанбат: Өчигдөр “ОДНД” ХХК-ийн захирал яриад тэдний хийж байгаа зам дээр бохирын шугам, дулааны шугам байна гэсэн. Зам хуулахаар гараад ирсэн байна. Битүү аспалтаар хучсан, дулаан нь ч, ус суваг нь ч мэдэхгүй шугамнууд байна. Өнөөдөр ОДНД ХХК-тай уулзаж, шугамнуудыг үзээд эргэж мэдээлэл өгөөрөй.

С.Баясгалан: 9 дүгээр багийн шинэ цэцэрлэгийг одоо 9 цагаас хүлээж авна. Хэнд нь хүлээлгэх вэ?

С.Насанбат: Ашиглалтын өмнөх захиргаа байгуулна. Эхний ээлжинд 3 хүн авна. Захирал, нягтлан, нярав. ТЗУХ, НБХ үүнтэй холбоотойгоор Авилгатай тэмцэх газар луу бичиг явуулаарай.

МЭДЭЭЛЭЛ:

Нийгмийн бодлогын хэлтэс: Өнгөрсөн 7 хоногт Сайнт Жонбоско –ийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй 48 оюутаны материалыг хүлээж авч 10 оюутныг шалгаруулсан. Энэ жил ЕБС төгссөн 10, одоо ИДС-д сурч байгаа 10 оюутанд нийт 1.5 сая төгрөгийн тэтгэлгийг олгохоор байна. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхэд хамгаалах утсанд ирүүлсэн дуудлагын дагуу хамгааллын хариу үйлчилгээг 11 хүүхдэд үзүүлсэн. Энэ 7 хоногт “Шилэн эмнэлэг-2” төслийг хүлээн авах хэсэгт ажиллана.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс: Өнгөрсөн 7 хоногт хийгдсэн зохион байгуулалтын ажлуудын талаар товч мэдээлэл хийе. Аймгийн Засаг даргын 1 захирамж гарч, сайтад байршуулсан. БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авахтай холбогдсон хөтөлбөр, төлөвлөгөө, мэдээллийг хэлтсүүдээс авч нэгтгэсэн. Хятадад сурсан Дархан-Өргөөгийн оюутнуудтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа тухай ЭСЯ-аас ярьсан. Айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Өнгөрсөн 7 хоногт 14 өргөдөл хүлээн авснаас 5 нь ахмадын байрны талаар хүсэлт ирүүлсэн.

С.Насанбат: Ирсэн өргөдлүүдэд дараах хариуг өгөхийг анхаарна уу. 2019 оны бүтээн байгуулалтаар хийгдэх дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийн байранд өргөдлийн жагсаалтын дагуу мөн шалгаруулах журмын хүрээнд ахмадад зориулан байрыг олгоно гэсэн хариуг өгөөрэй. Шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгөхгүй байхыг анхаарна уу.

Цэргийн штаб мэдээлэл хийв. /Хавсаргав/

МТА-аас мэдээлэл хийв. /Хавсаргав/

С.Насанбат: Өвөлжилтийн бэлтгэл хангах захирамжаар зарцуулагдсан мөнгөний гүйцэтгэл юу болж байна?

Э.Равжаадэлгэрэх: Нохой бөөс устгалаас бусад бүх санхүүжилт нь шилжсэн. 21 дүгээр цэцэрлэгийн дээврийн асуудлаар танаас чиглэл авмаар байна. Сайдаар нь шийдүүлнэ гээд хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа. 8 сая төгрөгөөр засвар хийе гэж ярьж байсан.

П.Батсүх: Барилгын дээврийг мэргэжлийн хүмүүс үзээд дүгнэлтээр дээврийн цаас солих хүртэл муудаагүй, цавуугаар тогтоож болохоор байна гэж үзсэн. 5 дахь өдөр эрхлэгчтэй нь уулзаад ирэх жил хүртэл цавуудах арга хэмжээ авах тухай хэлсэн.

С.Насанбат: Эрхлэгчтэй нь дахин уулзаарай.

ХЭЗХ-ээс мэдээлэл хийв. /Хавсаргав/

С.Насанбат: 3 шүүх хуралд суусан гэсэн. Мэдээлэл нь байна уу? Өмнө нь шүүхээс манайхыг хүнд сурталтай, итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралд ирж суудаггүй гэсэн шүүмжлэл ирсэн. Ажлын маргаанаар халагдсан сургуулийн захирлын асуудал юу болж байна? 10 нэхэмжлэлүүдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэзээ шүүх хуралтай, ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл өгөөрэй. Цагдаагийн мэдээллүүдээ танилцуулж бай.

Хонгор сум: Төсвийн орлогын биелэлт 107 хувьтай. 11 төсөл хэрэгжихээс дотуур байрны засвар, зөөлөн эдлэл гээд 2 ажил нь дууслаа. Салхит багийн төвийн дээврийн ажил хийгдэж байгаа.1-р багийн орон сууцны орцны засварын ажил хийгдэж байгаа. Байрнуудын дундах хашаажуулах ажил хийгдэж байна. Уринш боловсруулалт 1-р үе 11.7 мянган га, 2-р үе 8.2 мянган га талбайд тус тус үргэлжилж байна. Ургац хураалтын техникийн засвар үйлчилгээ явагдаж байна. 46 комбайнаас 25 нь тоног төхөөрөмжийн үзлэгт орж хэвийн ажиллагааг хангасан. 1 га тутмаас 6-25 центр хураах төлөвтэй байна.

С.Насанбат: Хадлан тэжээл хэд гарахаар байна? Чи өнөөдөр ажилдаа орсон учраас мэдээнүүдээ дахин нягтлаад дор бүр мэдээлэлээ өгөөрэй. ХЭЗХ өнөөдөр хугацаа нь дуусч байгаа 6 нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ямар шатандаа явж байгаа, хугацаанд нь хариу өгсөн талаар мэдээлэл өгөөрэй. 8 дугаар сарын 22-ны өдөр Хонгор сумын хурлын хуралдаан болно. Очиж газраа шийдүүлж аваарай. Геологи, хайгуул хагас бүтэн сайнаар хийнэ гэсэн яасан? ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд арьс шир боловсруулах цогцолбор үйлдвэрийн дүрэм, журамаа боловсруулаад хуралд оруулна шүү. Ямар хэлбэрээр байгуулах талаар сууж ярилцана. Г.Амарбат, ХОХБТХ, ЗА нийлж суумаар байна.

2019 оны хөрөнгө оруулалтаар өөр өөрсдийн чиглэлээр хийгдэх ажил юу байгаа талаар саналаа аваарай. Аймгийн доторх зам дээр 1.5-2 тэрбум төгрөг тавих саналтай байна. Иймээс хаанаасаа эхлэх талаар Замын цагдаа, Статистикийн газартай хамтраад төлөвлөгөө гаргаарай. Хүн ам, машин ихээр төвлөрсөн газраас эхлэх нь зөв үү.

П.Батсүх: Лист нь гарсан байгаа.

С.Насанбат: ЗА-нд листээ өгөөд хаана шугам, хоолой байна үзүүлээд надад мэдээллээч. 15-ны өдрөөс өмнө. Чингис хаан банктай уулзварт нуруу гаргаад баруун гар тийшээ эргэдэг болгоё гэсэн хүсэлт байна. Энийг хийхэд доор нь юм байгаа юу? Гэрлэн дохио хийхгүй нэмэлт тэмдэг хийхэд болохоор байна гэж “ОДНД” ХХК хэлсэн. Зам дээр дэд бүтцийн байгууллагуудаас зөвшөөрсөн мэдэгдлээ аваарай. 9-р байр гэж гашуун туршлага байна шүү. Металл хайгчаа авч ажиллуулаад бодитоо юм хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үлдэж буй ажлуудыг маргааш ярина. Сургууль цэцэрлэгүүд эхлэхтэй холбогдуулан зуух яндан, сургууль, байр, хөдөө аж ахуй, хадлан тэжээлээ анхаарч ажиллаарай. Хадлангийн газрыг нь хуваарилж хяналтыг тавьж, хуваарийн дагуу хадуулаарай.

Дархан сум хаанаас хадлан авах юм? Хэдэн иргэн хадлан авахаар байна? Аль сумтай гэрээ хийсэн бэ? Нөөцийн хадлан хаанаас авах вэ? 8 сарын 20-ны шуурхайгаас өмнө хадлангийн төлөвлөгөөг гаргаарай.

08.15-ны өдөр гэхэд аймгийн Засаг даргын 2 орлогч, Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нарыг ажилдаа орох тухай үүрэг өгөөрэй.

ЗА Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан тарааж өгсөн мөнгө, засвар үйлчилгээнүүд юу болж байгаа талаар мэдээлэл бэлтгээд маргааш өглөө хурал дээр танилцуулаарай. Шарын голын дотуур байр шинэ байр шүү. Хүүхдээ бүртгээд байна. Комисс авсан юм уу? Баахан хүүхэд авдаг. Байр нь хөлдөх вий дээ. Хөлдөлтийн байрыг нь доошлуулна гэсэн яасан?

Э.Равжаадэлгэрэх: Хийгдээгүй.

НБХ Сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл дээр ХОХБТХ-тэй хамтарч ажиллаарай. Тараагдах хичээлийн хэрэгсэл хүртээмж муутай. Урьдчилж очоод аваарай.

Б.Энхцэцэг: 15 дугаар сургуулийн дээвэр засварын асуудлаар танд мэдээлэл очсон уу?

С.Насанбат: Ойлголоо. Дээвэр засварын зардлыг 2019 оны засварын төсөвт суулгуулах тал дээр ХОХБТХ хөөцөлдөх хэрэгтэй байна. Мэдээ мэдээллүүдийг товч тодорхой, тоо баримттай юм бэлдэж орж ирээрэй.

Очсон ажлын хэсэг гүйцэтгэлүүдтэй танилцаад шийдвэр гаргаарай. Асуудал шийдэхгүй учраас ажил явахгүй байна. Асуудлуудаа бичиж аваад надад хаана ямар бичиг явуулах талаар мэдээллэж бай. Шийдэл гаргах ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ирэх 7 хоногт ярина.

Сумд өвөлжилтийн бэлтгэлдээ анхаараарай.

НБХ төслийн санхүүжилтүүдийн мэдээллийг ХОХБТХ-ээс авч нэг бүрчлэн хүмүүс хуваарилаад өмчтэй хамтраад хэрэгжилтийг нь үзээрэй. 154 сая төгрөгийг хуваагаад өгсөн. Ч.Энхбат дарга та НБХ-ийн дарга ахлагчтай, ХОХБТХ, СТСХ, ОНӨГ гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаарай.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Хэлтэс, албад, сумд бүр хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хэрэгжилтийг ирэх 7 хоногийн Засаг даргын шуурхай хурал дээр танилцуулахаар боллоо.

Хурал 09.45 цагт дуусав.

ТЭМДЭГЛЭЛТЭЙ ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ

ТЭМДЭГЛЭЛ ХЯНАСАН:

ТЗУХ-ИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Н.НАРАНГЭРЭЛ

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН:

ТЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН Ц.БОЛОРТУУЛ