Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

​Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах журмын төсөлд санал авч байна

2022.09.19
89 үзсэн

Журмын төсөлд тусгуулах саналыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс 109 тоот өрөөнд хүрэлцэн ирж, 7037-3792, 9537-7351, 9900-3429 дугаарын утас, мөн түүнчлэн Gendenjamts_enkhsaikhan@yahoo.com майл хаяг өгч болно.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах журам

/Төсөл/

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Монгол улсын Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Галт зэвсгийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.

1.3.Аймгийн нутаг дэвсгэрт золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажлыг Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар зохион байгуулна.

1.4.Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажлыг гүйцэтгэхдээ анчдын нийгэмлэгийн гишүүн бөгөөд мэргэшсэн, туршлагатай анчдаар ганцаарчилсан агналт хийлгэх, тэдний оролцоотой бригад зохион байгуулах зэрэг хэлбэрээс сонгож, гэрээ байгуулан ажиллана.

1.5.Цагдаагийн газар дээрх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллана.

Хоёр. Тавигдах шаардлага

 

2.1. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгах анчин нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн байна.

2.2. Анчин нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээ авсан байна.

Гурав. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эрх, үүрэг

 

3.1. Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан анчин ажиллуулах үүрэгтэй,

3.2. Сумын Засаг даргаас ирүүлсэн золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтны судалгааг нэгтгэн холбогдох мэргэжлийн байгууллага /Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар гэх зэрэг/-аар хянуулж агнах амьтны тоог тогтоох үүрэгтэй,

3.3. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгах ажлыг орон нутгийн удирдлага /сум, багийн Засаг дарга/-тай хамтран зохион байгуулах, нутгийн иргэдийг татан оролцуулах,

Дөрөв: Сумын Засаг даргын эрх, үүрэг

 

4.1.Багийн Засаг даргаас ирүүлсэн золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтны судалгааг гаргуулан авч нэгтгэл хийж, НААҮГ-т хүргүүлэх, устгал хийлгэх захиалга өгөх,

4.2.НААҮГ-тай хамтран золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгах ажлыг зохион байгуулах,

Тав. Багийн Засаг даргын эрх, үүрэг

 

5.1. Багийн нутаг дэвсгэр дахь золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгуулах саналаа гаргах,

5.2. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтны судалгааг гаргаж сумын Засаг даргад хүргүүлж байх,

Зургаа. Цагдаагийн байгууллагын эрх, үүрэг

6.1. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах,

6.2. Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хүн /анчин/-ийг авч ажиллуулж буй эсэхэд хяналт тавьж ажиллах,

6.3. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах анчид, иргэдэд холбогдох хууль тогтоомж болон галт зэвсэг, ангийн хэрэгсэлтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллах

Долоо. Санхүүжилт

 

7.1. Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгах ажилд шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Найм.Хариуцлага

8.1.Үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцно.

8.2.Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй албан тушаалтан, гэрээгээр агнах үүрэг хүлээсэн анчин хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, галт зэвсгээр сум алдаж бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан анчинд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.