Жил бүрийн 3-р сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр Казах түмний үндэсний баяр болох Наурызын баяр тохиодог. Дархан-Уул аймгийн Казах иргэд үндэснийхээ баярын нэгдсэн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд 500 гаруй Казах өрх, 3 мянга гаруй Казах иргэд байдаг. Үүнээс 150 гаруй өрх нь Хонгор суманд байна.
Тус сумын Казах иргэдийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нар оролцож үндэснийхээ өвөрмөц өв уламжлалыг тээн яваа Казах түмэндээ хаврын баярын мэндийг хүргэн, өнгөрсөн хугацаанд тус суманд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон, мал төллөт, хаваржилт, малчдын амьдрал ахуй зэрэг олон сэдвийг хөндөн ярилцаж Казах түмнийхээ санал бодлыг ч сонслоо.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр мөн ажил үйлсээрээ амжилт гаргасан Казах иргэдэд төрийн болон орон нутгийн шагналыг гардуулан өглөө. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ
”Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Өсерханы Аймурат,
”Ардын хувьсгалын 100 жилийн ойн” медалиар Лесбайгийн Күркебай, Жашенбайгийн Билем,
”Найрамдлын дархан” тэмдгээр Магауягийн Давааний, Зурнайгийн Жулдыз,
”Тэргүүний ажилтан” тэмдгээр Баязатын Хурмет, Сагадатын Рым, Мергенбайгийн Нурболат,
Аймгийн засаг даргын жуух бичгээр Женисханы Берганат, Булхбайгийн Сукабай,
Сумын засаг даргын жуух бичгээр Амандахын Орозбай, Уайханы Серегвек, Бухарын Адилбек, Халымтайгийн Алембек, Хүрэлбаатарын Нурбагаша нарыг тус тус шагналаа.
2010 оны хоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ.
КАЗАХ ТҮМЭНДЭЭ ХАВРЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.