Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Тарваган тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2024.10.31
49 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2020 оны 07 сарын 24 өдөр                                                  Дугаар 01-04/03                                                Дархан

Тарваган тахлаас сэргийлэх ажлыг
эрчимжүүлэх тухай

Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон аймгуудын Зоонозын өвчин судлалын төвүүд нь жил бүр зоонозын халдварт өвчний байгалийн голомтын идэвхжлийн судалгааг хийдэг бөгөөд 2020 оны эхний 7 сарын байдлаар хийгдсэн судалгаагаар Монгол орны 17 аймгийн 137 сумын 443.3км2 нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд аюулын зэрэглэлээр Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай Увс, Ховд, Говь-Алтай зэрэг аймгуудын 26 сумдад хүний өвчлөл гарах өндөр эрсдэлтэй “А” зэрэглэлд хамрагдаж байна.

Иймд тарваган тахлын халдвараас сэргийлэх, сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор дараах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхийг ДААЛГАХ нь:

Нэг. Сум, багийн Засаг дарга нарт:

1.Хүн амд тарваган тахлын халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөмжийг хүргүүлэх арга хэмжээг холбогдох эрүүл мэндийн байгууллага, өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран хийх,

2. Харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны цэгүүдэд хяналт хийх,

3. Тарвага агнахыг хориглон, хэрэгжилтийг ханган ажиллахад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах.

Хоёр. Эрүүл мэндийн газрын даргад:

1.Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийг бүрдүүлэх, нэгжийн бэлэн байдлыг хангах,

2. Тарваган тахал болон бусад зоонозын халдварт өвчний үед харьяа эмнэлэг болон эмнэлгийн ажилтны бэлэн байдлыг хангуулах, тухайн чиглэлээр дэмжлэгт хяналт хийж, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулах,

3. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед хариу арга хэмжээг зохион байгуулах бэлэн байдлыг хангуулах, түргэн тусламжийн багийн гишүүдийн бэлэн байдал, хамгаалах хувцас хэрэгслийн байнгын нөөцтэйгээр дуудлагад гаргаж байх,

4. Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэнтэй холбоотой эмч, эмнэлгийн ажилчид өндөр сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, оношийг тодруулах талаар сургалт зохион байгуулах,

5. Иргэдэд чиглэсэн тарваган тахлын халдвараас сэргийлэх зөвлөмжийг гаргах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

Гурав. Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газарт

1.Томоохон худалдааны байгууллагуудад тарваганы мах худалдаалагдах, бусад аймаг орон нутгаас тарваганы мах орж ирэх эрсдэлээс сэргийлэх хяналт шалгалтыг хийх,

2. Тарвага агнахыг хориглосон тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах.

Дөрөв. Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл:

1.Тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын мэдээг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны дотор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар нь Эрүүл мэндийн газарт ирүүлэхийг тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ