Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” зорилготой. Энэ хүрээнд “Эх оронч Дарханчууд” нэг сарын нөлөөллийн аяныг аймгийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, АЗДТГ-ын Цэргийн штабаас зарлалаа. Өнөөдөр /2025.03.17/ тус аяны нээлт Найрамдал талбайд боллоо.
Аяны хүрээнд сарын туршид эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа, хэлэлцүүлэг, техникийн үзэсгэлэн, “Эх орон танаа” хүндэтгэлийн тоглолт, соёл, урлаг, нөлөөллийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах 9 төрөлт цогцолбор тэмцээний аваргуудад шагнал гардууллаа. Мөн энэ онд 18 нас хүрсэн залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх батламж гардуулан өглөө.

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жил, Монгол цэргийн өдрийн мэндийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа дэвшүүлье.
