Энх тайвны корпус нь олон жил манай аймгийг сонгон ажлын өмнөх бэлтгэл сургалтаа хийж, манай аймгийн хүүхдийн болон боловсролын байгууллагуудтай хамтран англи хэлний боловсрол олгосоор ирсэн. Энэ жилийн хувьд сайн дурын 27 ажилтан Дархан-Уул аймагт 2 сарын туршид Монгол хэл, соёл, зан заншлыг судлахын хажуугаар “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн 2 удаагийн ээлжийг English camp болгон амрагч хүүхдүүдэд үнэгүй англи хэл зааж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.
Ажлын өмнөх сургалтаа амжилттай хийж дуусгаж буй М33 дугаар бүлгийн сайн дурын ажилчид өнөөдөр /2024.08.22/ тангараа өргөн гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр тэд ирэх 2 жилд Монгол орны өнцөг булан бүрд очин ерөнхий боловсролын сургуулиудад англи хэл, эрүүл мэндийн боловсролын хичээл заахад бэлэн болж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер, АНУ-гаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Ричард Буанган оролцож сайн дурын ажилчдыг бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн Дарханчуудад талархал илэрхийллээ.
Монголд одоогоор ЭТК-ын 62 Сайн дурын ажилтан Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Архангай зэрэг аймгууд болон Улаанбаатар хотод ерөнхий боловсролын дунд сургуулиудад англи хэлний Монгол багш нартай хамтран хичээл зааж байна.
Тэд орон нутаг, хамт олны хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа сургуулийнхаа сурагчдад амьдрах ухааны сургалт, иргэд, бусад байгууллагуудын ажилтнуудад англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ ажиллаж, амьдарч байгаа аймгуудынхаа эрүүл мэндийн газар, музей, аялал жуулчлал, хүүхэд, залуучуудын хөгжил хариуцсан ТББ-тай хамтарсан бусад ажлыг хичээлийн бус цагаар хийдэг.