Бүгд Найрамдах Унгар Улсын Элчин сайдын яамнаас тус улстай ах дүүгийн харилцаатай 6 аймагт Унгарын нэрт яруу найрагч Петөфи Шандорын шүлэг яруу найргийг сурталчлан таниулах, Унгар улсын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр, боломжуудын талаар ахлах ангийн сурагчдад мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрущански Борбала Анна Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж ажиллалаа.
Манай улсаас жилд 200 оюутан Унгарын Засгийн газрын зуун хувийн тэтгэлгээр тухайн улсад суралцдаг байна. Бакалавраас гадна магистр, докторын сургалтад ч тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна.
Жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр Унгар Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдрийг тэмдэглэдэг. Тус баярыг угтан Монгол-Унгар хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Унгарын нэрт яруу найрагч “Петөфи Шандорын шүлгийг хэн сайн унших вэ” уралдааныг аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан байна.
Амжилттай оролцсон ОИЦ сургуулийн 7-12 бүлгийн сурагчдад ЭСЯ-аас өргөмжлөл хадгалууллаа.
Хувьсгалч, яруу найрагч П.Шандорын шүлгүүдийг анх академич Б.Ринчен, дараа нь орчуулагч Го.Аким нар монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосон түүхтэй аж.
Үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр оролцож Дарханыхаа хүүхэд багачуудын өмнөөс элчин сайдад талархал илэрхийллээ.