Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачилга Монгол Улсын Сангийн сайд, Уих-н гишүүн Б.Жавхлан, аймаг орон нутгийн дэмжлэгээр “ЦЭМЦГЭР” халуун ус, угаалгын төв өнөөдөр ашиглалтад орлоо.
20 жил ашиглагдаагүй байсан хуучин холбооны байрыг улсын төсвийн 289 сая төгрөгөөр засварлаж, харин аймгийн ИТХ-ын шийдвэр, аймгийн засаг даргын захирамжаар дэд бүтэц, халуун, хүйтэн ус, бохирын шугам хоолойг холбох, шинэчлэх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
Дархан сумын 1-3 дугаар баг буюу тосгоны багт нийт 3526 өрхийн 13236 иргэн оршин суудаг бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд халуун усны газар үргэлж дутагдалтай байж ирсэн. Энэхүү халуун усны газар ашиглалтад орсоноор иргэд заавал хол газар явах шаардлагагүй боллоо.
6 кабин бүхий тус байр нь дан ганц халуун усны газраас гадна ахуйн хэрэглээний угаалгын төв болгож бүрэн автомат угаалгын машинуудыг байршуулжээ. Мөн 4 хүн ажлын байраар хангагдлаа.
Ийнхүү тал талын оролцоо, дэмжлэгтэйгээр босож буй “ЦЭМЦГЭР” халуун ус, угаалгын төв нь энэ ондоо багтаж ашиглалтад орлоо. Цаашдын ашиглалтын үйл ажиллагааг аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хариуцаж ажиллах юм.