Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр энэ сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох, мөн ихэнх нутгаар цас ихээр орж нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, 21 аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрын алба хаагчидтай цахимаар хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
Тухайлбал, зудыг даван туулах орон нутгийн төлөвлөгөөг хүн хүч хэрэгслийн бодит судалгаа мэдээлэлд тулгуурлан, цаг уурын нөхцөл байдал, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот хүн, хүч хэрэгслийг тодотгох, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, шатах тослох материал, хоол, хүнс хангалтыг урьдчилан бэлтгэх.
Мөн гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох, нүүлгэн шилжүүлэх зорилгоор хүч хэрэгслийг дайчлан гаргах төлөвлөгөөг орон нутгийн дайчлах боломжтой хүн хүч хэрэгслийн тооцоо судалгаанд үндэслэн боловсруулах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх алба хаагчдыг удирдлагаар хангаж, орон нутагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх зэргийг даалгалаа.
Манай аймгийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдал одоогоор үүсээгүй байгаа хэдий ч энэ чиглэлийн төлөвлөгөөгөө тодотгож, мэргэжлийн байгууллагуудынхаа оролцоог нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна.