Иргэдийн индэр хоёр дахь удаагийн нээлттэй уулзалт өнөөдөр /2022.03.28/ 11:00-14:00 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд боллоо. Энэ удаагийн уулзалтад биечлэн 30 орчим иргэн оролцож индэрээс дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэсэн бол Дархан хот, DBS, RGB, Цэц.мн фэйсбүүк пэйж хуудасны шууд лайваар, 7037-1212 утсаар давхардсан тоогоор 670 орчим санал, шүүмжлэл, асуултыг иргэд ирүүлсэн юм.
Иргэдийн индэрт аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож хотын хөгжил, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, нийт иргэдийн эрх ашигтай холбоотой тулгамдсан асуудлуудаар иргэдийн байр суурь, үзэл бодлыг сонсон сонирхсон асуултад нь хариулж, холбогдох мэдээллийг өгдөг. Иргэдийн зүгээс газар олголт, дээвэр засвар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, муур, шоргоолж устгал, зам талбайн засвар арчлалт, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг энэ удаа ч хөндлөө.
Иргэдээс Дархан суманд 0.07 га газрыг олгох асуудлыг байнга тавьдаг. Аймаг орон нутгаас барьж буй бодлогын хүрээнд гэр хорооллыг тэлэхгүй байх, янданг цөөлөх замаар агаарын бохирдлыг бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд 2013 оноос хойш Дархан сумын гэр хорооллыг тэлэхгүй байх хязгаарлалтын бүсийг тогтоосны үр дүнд галлагаатай яндангийн тоог 7 мянга болгон бууруулаад байна. Цаашид ч Дархан суманд 0.07 га газар олгохгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөхийг албаныхан хэллээ.