Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын албаны хүмүүс өнөөдөр /2023.05.16/ Дархан-Уул аймагт ажиллалаа. Эхлээд Улаанбаатар гурил ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Улаанбаатар гурил компани нь 2001 онд анх 70 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжин, үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ Үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Дотоодын гурилын хэрэгцээний 33 хувийг хангадаг. Тус компани нь 21 аймагт байрлах 4,000 харилцагчдаар дамжуулан эрүүл мэндийн болон үндсэн ангилал бүхий 10 гаруй гурил, дайвар бүтээгдэхүүнийг Монгол орон даяар зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Улаанбаатар гурилын үйлдвэр нь хэрэглэгчдэд очиж байгаа гурилыг үйлдвэрлэхдээ, тариаланчидтай хамтран ажиллаж, хамгийн сайн сортын үр тариаг худалдан авдаг бөгөөд, хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Уг технологи нь 100 хувь автомат ба цахилгаан зарцуулалтыг 25 хувь, усыг 12 хувь хэмнэдэг байгальд ээлтэй үйлдвэр юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн Хүнсний хувьгалын хүрээнд тус компани дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч онцоллоо.