Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бэлдэц үйлдвэрлэх цех, цувимал үйлдвэрлэх цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж ажлын явц, өнөөдрийн нөхцөл байдалтай танилцлаа.
ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан:
2014 онд тус үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кью эс си” компани нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессоор ашиглаж байх хугацаандаа ямар ажил үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй, бичиг баримтгүйгээр 56,5 сая ам.долларыг компани руугаа шилжүүлсэн, мөн Худалдаа хөгжлийн банкнаас 494,7 тэрбум төгрөг зээлэхдээ үйлдвэрийн өмч хөрөнгө, орлогыг барьцаалсан. Үүнээс шалтгаалан Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дараа дараачийн ажлууд саатахад хүрээд байна гэлээ.
Харин одоо үйлдвэрийн үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй байлгах, санхүүжилт, хөрөнгө оруулалт авахын тулд өмнөх зээл санхүүгийн асуудлаа заавал шийдвэрлэх ёстой. Энэ асуудал гангийн үйлдвэр, металлургийн үйлдвэр барих гэхчлэн дараа дараачийн ажлууд урагшлахад асуудал болж байгааг сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.
Аймаг орон нутгийн зүгээс үйл ажиллагааг нь илүү сэргээж, ажилчдаа ажилтай, орлоготой байлгах нь хамгийн чухал гэж үзэж байна.
Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.