Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны бусад хүмүүс Европын холбооны суурин төлөөлөгчийн газрын Тайланд, Хятадын офиссын санхүүгийн хэлтсийн захирлууд болон Монгол дахь ЕХ-ны суурин төлөөлөгчийн газрын төсөл, хөтөлбөр хариуцсан ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.
ЕХ-ны суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид тус холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Найрамдал” төслийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн санхүү хариуцсан ажилтнуудад зөвлөн туслах сургалт хийх зорилгоор хүрэлцэн ирсэн байна. Сургалтаа өнгөрсөн 2 өдөр амжилттай явуулсан. Өнөөдөр мөн төсөлд хамрагдсан ААНБ, иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм.
Азид анх удаа аймгийн статусаар ЕХ-ны санхүүжилтийн дэмжлэг авч хэрэгжиж буй “Найрамдал” төслийн хүрээнд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл Дарханд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус төслийн аймгийн эдийн засагт оруулж буй бодит үр өгөөж, хувь нэмэр маш их гэдгийг удирдлагууд онцлоод Дархан хотын хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж буй ЕХ-нд талархсанаа дахин илэрхийллээ.