[:en]
Дархан-Уул аймагт нэн ховор ургамал, байгалийн ховор ургамлыг иргэн, ААНБ-ууд түүж бэлтгэн ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
БОАЖ-ын сайдын тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын эдийн засгийн үнэлгээг баталсан байдаг. Уг үнэлгээн дээр суурилан ховор ургамал ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээг тухайн орон нутаг нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрэлтээс хамааран аймгийн ИТХ-аар батладаг.
Өнөөдрийн /2024.06.06/ Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн БОАЖ газраас нэн ховор ургамлыг 30 хувиар, ховор ургамлыг дээд хэмжээгээр тогтоох саналыг дэвшүүллээ.
Зөвлөлийн гишүүд ховор болон нэн ховор ургамлыг БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан эдийн засгийн үнэлгээний дээд хэмжээгээр тогтоох санал гаргаж уг асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлахаар боллоо.
Манай аймгийн ургамлын аймагт 11 зүйлийн нэн ховор, 21 зүйлийн ховор ургамал тархсанаас 3 төрөл зүйл Монгол Улсын улаан номонд, 5 төрөл зүйл Монголын ургамлын Улаан дансанд тус тус багтсан байдаг байна.
Тухайлбал Дархан-Уул аймгийн нутгаар улсын хэмжээнд ховорд тооцогддог Шар саадгана, Том цэцэгт саадгана, Хонин арц, Буржгар сараана, Цагаан цээнэ, Халиар, Шар саахууцэцэг, Дагуур сараана зэрэг ургамлууд ургадаг байна.[:]