Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар өнөөдөр /2023.05.23/ “Шалгаруулалтаар олгох саналыг дэмжих боломжгүй” тухай асуудлыг хэлэлцлээ.
Ашигт малтмал, газрын тосны газраас Дархан-Уул аймгийн 21386.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайд санал өгөх тухай албан бичиг ирүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар 17.2-т. “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасны дагуу сумдын ИТХ-аас дэмжихгүй санал ирүүлжээ.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид уг асуудалтай танилцаад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 51 нэгж талбар бүхий 21386.66 га талбайнуудыг бүхэлд нь сонгон шалгаруулалтаар олгох боломжгүй гэж үзэж, татгалзах санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ.