Дархан-Уул аймгийн сагсан бөмбөгийн холбооны урилгаар ФИБА сертификаттай сагсан бөмбөгийн багш Петар Шашлия Серб улсаас хүрэлцэн иржээ.
Тэрээр өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзан Дархан хотын өсвөр үеийн хүүхэд залуучуудын сагсан бөмбөгийн спортын ур чадварыг хөгжүүлэхийн төлөө олон ажил, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа тухайгаа уламжиллаа.
Аймгийн Засаг дарга сургалт явуулах боломжит заалуудыг гаргаж өгөх, 2023-2024 оны хичээлийн жилд хүүхдийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулах зэрэг олон талаар энэхүү ажлыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сургалт Дархан сумын спортын ордон, Монгол-Оюу сургууль, ОИЦ сургуулийн зааланд 25-30 хүүхэдтэйгээр хичээллэж байна. Удахгүй аймгийн СБХ-ноос 9-10, 11-12-р ангийнхны шигшээ багийг бүрдүүлж тогтмол бэлтгэлээр хичээллүүлэн Дархан хотыг төлөөлөн улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцох юм.
Цаашид Петар Шашлия багш болон сагсан бөмбөгийн холбоо аймаг орон нутгийн дэмжлэгээр сагсан бөмбөгт хайртай хүүхэд залууст зориулсан олон шинэ ажлуудыг хийхээр төлөвлөж байна.