Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЭНЭ УДААГИЙН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НИЙТ 141 МАНДАТЫН ТӨЛӨӨ 298 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

2024.10.11
269 үзсэн
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.10.11/ өглөө 07:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 5 нам, 2 бие даагч нийт 298 нэр дэвшигч 141 мандатын төлөө өрсөлдөж байна.
Тодруулбал: Дархан-Уул аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв, Иргэдийн оролцооны нэгдэл гэсэн 5 нам, 2 бие даагч нийт 95 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Харин Дархан суманд 29 мандатын төлөө МАН, АН, ХҮН намаас нийт 59 нэр дэвшигч, Орхон суманд 21 мандатын төлөө МАН, АН-аас 42 нэр дэвшигч, Хонгор, Шарын гол сумдад тус бүр 25 мандатын төлөө 51, 51 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Дархан-Уул аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн 20 нь эмэгтэй байгаа бол сумдын ИТХ-д нэр дэвшигчдийн 74 нь эмэгтэй байна.
Аймгийн хэмжээнд сонгуулийн насны нийт 70641 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооноос нийт 46 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын санал хураах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар сонгогчдоос санал авсан. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд нийт 448 сонгогч зөөврөөр саналаа өгөх хүсэлтээ ирүүлснээс 429 сонгогч саналаа өгчээ.
Аймаг, сумын сонгуулийн хороо, хэсгийн хороодод нийт 453 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Эрчим хүчний байгууллагуудын албан хаагчид сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хугацаанд саадгүй зохион байгуулах чиглэлд үүрэг гүйцэтгэж байна.
Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нам эвслийн ажиглагчид ажиглаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн хувьд одоогоор санал хураалттай холбоотой ямар нэг гарсан зөрчилгүй сонгууль хэвийн үргэлжилж байна.
Сонгуулийн санал хураалт өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгогч та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад төлөөлөө илгээх сонгуульдаа идэвхтэй оролцож эрхээ эдэлж, үүргээ биелүүлээрэй.