Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-Уул аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулагдлаа

2023.08.03
87 үзсэн

Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд Аймаг Нийслэл сум дүүргийн ИТХ-ын дэргэд Улсын Их Хурлыг сурталчлах төв байгуулж, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид их дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор Өвөрхангай аймгуудад байгуулсан бол өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж нээлтээ хийлээ.
Уг төвийг Улсын Их Хурлын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ИТХ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран байгууллаа.

Мөн энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.ӨЛЗИЙСАЙХАН Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.НАСАНБАТ нар цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулагдсанаар иргэдэд батлагдсан хууль тогтоомжтой танилцах боломж нэмэгдэн хууль тогтоох үйл явцад оролцох иргэдийн оролцоо сайжирч, иргэд санал бодлоо илэрхийлэх, хууль тогтоомжтой холбоотой сэдвээр төрөл бүрийн сургалт сурталчилгааны ажилд оролцох боломж бий болж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас цаашид бусад аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төлөөллийн байгууллага болоод иргэд хоорондын нээлттэй, эргэх холбоо бүхий харилцааг нэмэгдүүлэх давуу талтай болох юм.

Үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарийн хөгжлийн агентлагийн дарга СТЕФАНИ БУРРИ, Швейцарийн холбооны улсын гадаад хэргийн дэд сайд, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал Патрисиа Данци нар хүрэлцэн ирж “Хууль сурталчлах төвийг” албан ёсоор нээлээ.