Дархан арьс ширний цогцолборын төслийг 2018 онд эхлүүлж, цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлууд хийгджээ. Хөгжлийн банкнаас зээл авч тус ажлыг эхүүлсэн ч 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогсож, гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хохирсон. Аймаг, орон нутгийн зүгээс удаа дараа хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлж аж ахуй нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулах тохиролцоог Дархан арьс ширний цогцолбор-ХХК-тай хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм.
Өнөөдөр дээрх асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр болон “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, хувийн хэвшлийн тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид төр, хувийн хэвшил хамтарч ажиллах уу эсвэл төр өөрсдийн мэдэлдээ арьс ширний цоцгцолборыг авч үйл ажиллагааг нь эрчимжүүлэх үү гэдэг дээр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Дархан арьс ширний цоцгцолборын төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг үүнээс 40,8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47,4 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Гэвч Хөгжлийн банкнаас авсан 18,3 тэрбум төгрөгийн зээлийн хүү 9,1 тэрбум төгрөгт хүрч хүүгийн дарамтанд хувийн хэвшил орсон байна.
Иймд дахин аудитын байгууллагыг ажиллуулж гаргасан үнийн дүнгээр хувийн хэвшил тохиролцож чадвал төр Дархан арьс ширний цогцолборын дэд бүтцийг нь худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэлээ.
Холч ухаанаар хандан хувийн хэвшил хөрсөнд буусан бодитой шийдвэр гаргаж чадвал хохирсон олон аж ахуй нэгжүүд хохирлоо барагдуулж, цаашид олон ажлын байр нэмэгдэж, зөвхөн арьс шир боловсруулах биш хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.