Хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа тул улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Дархан-Уул аймгийн хувьд зудтай аймгуудтай харьцуулахад нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа ч өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 102 малчин өрхийн 1115 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна. Дархан суманд хаваржилт хэвийн байгаа бол Орхон, Хонгор, Шарын гол суманд “Цагаан зудархуу” байна.
Аймгийн ОК, Шуурхай штаб өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд зудын гамшигтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн Газраас хөнгөлөлттэй үнээр малчдад олгосон тэжээлийг хувиарлах ажлын хүрээнд 720 малчин өрхөд нийт 4800 шуудай буюу 120 тонн тэжээлийг олгоод байна. Мөн сумдын аюулгүй нөөцөөс 897 малчин өрхөд 102 тонн өвс, 432 өрхөд 35.3 тонн тэжээл олгоод байна.
Түүнчлэн “Малчдадаа туслах аян”-д аймагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, иргэд идэвхтэй нэгдэж байна. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб нийт 13 байгууллага, 2 иргэнээс бэлнээр 36,6 сая төгрөг, 12 нэр төрлийн 78,1 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээн аваад байна.
Өнөөдөр /2024.02.29/ гэхэд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид аянд нэгдэн нийт 12.6 сая төгрөгийн өртөг бүхий 8 тонн малын хивэг, тэжээл, 100 кг байгалийн цэвэр чацарганыг хандивлалаа.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал өнгөрсөн 7 хоногт сумдаар явж малчдын нөхцөл байдалтай танилцсан. Ирэх өдрүүдэд хандив тусламжийг малчдад хүргэж өгөх 11 ажлын хэсэг гарч ажиллахыг Шуурхай штабыг ахалж байгаа аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан мэдээллээ.
Аймгийн хэмжээнд өөрийн аймагт 1178 өрхийн 261286 толгой мал, өөр аймагт 2 өрхийн 496 толгой мал хаваржиж байна.