Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн нийт нутгаар өвөлжилт хэвийн түвшинд байна

2024.01.18
56 үзсэн

 

 

 

Дархан-Уул аймгийн өвөлжилттэй танилцах ажлын хэсэг Орхон, Шарын гол, Хонгор сумдын алслагдсан малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж дууслаа.

Давхардсан тоогоор 160 гаруй өрхөөр орж малчдын санал хүсэлтийг сонслоо. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрэлгүй, өвс тэжээлийн нөөцийн дутагдалгүй. Малчид бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг хэрэглэжээ.

Сүүлийн үед малчид өвлийг өнтэй давж байгаа боловч хаврын улиралд шуурга салхи ихтэй малын хорогдол их гарч байна. Иймд хавар урт болох учир аймаг сумдын өвс тэжээлийн нөөцийг 3-р сараас гаргахаар төлөвлөөд байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Засгийн газрын “Ган зудын байдалд үнэлгээ хийх журам”-ын шалгуур үзүүлэлтээр зудын байдлыг үнэлэхэд нийт нутгаар 10 баллын жигд цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 10-12 см, хамгийн ихдээ 36-38 см, өвөлжилт хэвийн. Цаашид цас орж цасны зузаан нэмэгдвэл Шарын гол сумын Олон хөтөл, Булагтай, Хонгор сумын Яргайт, Хаалгат зэрэг газруудаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

ЭМГ-аас малчдад явуулын амбулаторийн үйлчилгээг үзүүлж нийт 225 айл өрхийн давхардсан тоогоор 542 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Аймгийн Мал эмнэлгийн газраас 2024 оны урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үндсэнд 3 сумдын мал сүрэгт халдварт өвчин болон гоц халдварт өвчин гараагүй байна.

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан ахалж, сум багийн удирдлагууд, ХХАА, Мал эмнэлгийн газар, ОБГ, ЭМГ, УЦУОШГ хамтран зохион байгууллаа.