Дархан хотын түүхт 60 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр /2021.10.17/ ёслол төгөлдөр зохион байгууллаа. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат нээж хэлсэн үгэндээ аймгийн ИТХ-ын түүхэн хөгжил, 8 удаагийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажилласан бодлого, Үндсэн чиглэл, эрхзүйн бичиг баримт, баталж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөр, гадаад харилцааны талаар онцоллоо.
Хуралдааны дэгийн дагуу Нарийн бичгийн даргаар Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Эрдэнэбат, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Тэргүүлэгч Т.Ганболд, Ц.Ганчимэг, С.Ганзориг нар сонгогдон ажиллалаа.
Хуралдаанд аймгийн ИТХ, ЗДТГ-ын удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням болон Дархан хотын үе үеийн удирдлагууд оролцож, баяр хүргэлээ.
Дархан-Уул аймгийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдааныг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хотынхоо тэгш ойн баярт зориулж байгаагаараа онцлогтой юм. Хүндэтгэлийн Хуралдаанаар “Боловсрол-2032, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ёсчлон баталлаа.
Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар 12-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор 6 иргэнийг Дархан хотын “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн хүндэтгэлийн хуралдааны үеэр гардуулан өглөө. Түүнчлэн Дархан хотын Хүндэт дэвтэрт нэрээ бичүүлж мөнхөлсөн 6 хүнд аймгийн ИТХ-ын дээд шагнал “Дархан” одонг гардуулж, баяр дээр баяр нэмсэн юм.