“Өсвөрийн тамирчдыг дэмжих жил”- хүрээнд тамирчин хүүхэд багачууддаа зориулан иж бүрэн засварласан Зулзагын гол зусланд байрлах тамирчдын зуны бэлтгэлийн байр ашиглалтад орж өнөөдрөөс тамирчдаа хүлээн авч эхэллээ. Эхний ээлжээр аймгийн БТСГ-ын Самбо, Жудогийн дасгалжуулагч спортын мастер Д.Балжинням багштай 40 гаруй өсвөрийн Жудочид бэлтгэлдээ гарч байна. Нэг удаадаа 60 хүүхэд хүлээн авах чадалтай энэхүү байр нь 13 өрөө, дотор ариун цэврийн өрөө, гадаа гал тогооны байраас бүрдэнэ. Хүүхдүүддээ зориулан ор хэрэгсэл, зөөлөн эдлэлийг шинээр иж бүрэн тохижуулжээ. Өмнө нь зуны бэлтгэлээ түрээсийн байр амралтад хийдэг байсан спортын холбоод тамирчид маань нарсан ойн эрүүл агаарт шинэхэн байрандаа нэг ээлжид 14 хоногоор ээлжлэн бэлтгэлээ хийх боломжтой боллоо.


Спортын тамирчдад зуны бэлтгэл маш чухал байдаг. Энэ нь зөвхөн биеийн бэлтгэлийг сайжруулаад зогсохгүй, сэтгэлзүйн болон техник, тактикийн хувьд ч чухал үүрэгтэй. Цаашлаад намар, өвлийн тэмцээнүүдийн суурь бэлтгэл болох чухал ач холбогдолтой. Өсвөрийн тамирчид шинэ байрны анхны зочин болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Ирээдүйн Жудочдод залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт тамирчин К.Ёолк зуны бэлтгэлд нь амжилт хүслээ.




