Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт хөгжлийн банк / EBRD / хооронд 2024 оны 4-р сарын 26-ны өдөр зээлийн гэрээ, буцалтгүй тусламжийн гэрээ, төслийн гэрээнд тус тус гарын үсэг зурснаар Дархан-Уул аймагт 250 ортой төвийн бүсийн жишиг нэгдсэн эмнэлэг барих төсөл албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев аймгийн удирдлагатай уулзаж хамтран хэрэгжүүлж буй төслийн явцтай танилцлаа.

Удахгүй барилгын компанийг сонгон шалгаруулж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна. Энэ оны сүүлч гэхэд бэлтгэл ажлыг дуусгаж, 2027 оны эхээр барилгын ажил эхэлнэ. Аймаг орон нутгаас төслийн талбай, түр зам орчимд хамгаалалтын бүс тогтоон, газар олгохгүй байх арга хэмжээ авч байна. Шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орсноор Дархан хот болон ойролцоох аймаг, сумдын иргэд Улаанбаатар хот руу зорчих шаардлагагүйгээр орчин үеийн технологи бүхий чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Төвийн бүсийн жишиг нэгдсэн эмнэлгийн төсөл нь EBRD- ээс Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны улсын эмнэлгийн төсөл юм.



