Монгол Улс болон Байгаль орчны яамдын хамтын ажиллагаа, БНСУ-ын Байгаль орчны корпорацаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд агаарын чанарыг хянах автомат станц суурилуулж дэвшилтэд технологийг нэвтрүүллээ.
Энэхүү автомат станц нь агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн 6 үзүүлэлтийн агууламжийг бодит цагийн горимоор минут тутамд өндөр нарийвчлалтайгаар 24 цаг тасралтгүй хэмжинэ. Тус станц ашиглалтад орсноор нүүрс, бусад шатах төрлийн материалууд, авто тээврийн хэрэгслээс агаарт ялгаруулж буй бохирдлыг хэмжиж, стандартаас давсан бохирдлыг хязгаарлах боломжтой болно. Энэ нь орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна.

Дархан-Уул аймгийн УЦУОШТ нь 1984 онд анх “Агро цаг уурын Дархан станц” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Өнөөдөр 40 жилийн дараа агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай болж байгаа нь орон нутаг төдийгүй Монгол Улсын УЦУОШ-ний салбарт түүхэн мөч тохиож байна.




